
Монгол Улсын хүн ам 2010 оны байдлаар 2 780 700 хүрч, тэдний 36,1 хувь нь 18 хүртэл насны хүүхэд, 12,1 хувь нь 19-24 насны залуучууд байна. Үүнээс хүн амын цэвэр өсөлт 1,7 хувьтай байгаа бөгөөд эрүүл мэндийн 2010 оны бүртгэл зүйн мэдээгээр 10,000 хүүхдэд ногдох өвчлөл нялхсын хувьд 48.5, 1-4 хүртэлх насанд 72.3, 5-15 насанд 126.7, 16-19 насанд 66,8 тохиолджээ.
Манай улсад хүүхдийн өвчлөл, эндэгдэл буурч байгаа ч хөгжилтэй орнуудтай харьцуулахад нэлээд өндөр, мөн бүс нутгаар ялгаатай байгаа юм. Иймд хүүхдийг бага наснаас нь эмчийн хяналтад авч, эрүүл өсгөх арга хэмжээ зайлшгүй шаардлага тулгараад байгаа бөгөөд Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтыг талархан хүлээж авч, хүүхдийн эндэгдлийг дөрөв дахин бууруулах зорилт дэвшүүлж, УИХ-аар баталжээ.
Энэхүү Мянганы хөгжлийн зорилтод манай улс сүрьеэгийн тархалтыг хязгаарлах, хүүхдийн шүд цоорох эмгэгийг 10-15 хувиар бууруулахаар тусгасан байна. Түүнчлэн Мянганы хөгжлийн зорилтод хүрэх, монгол хүний эрүүл мэндийн байдлыг сайжруулах, өвчлөлийг бууруулах, насжилтыг уртасгах ажлын суурь болох энэхүү аяныг хэрэгжүүлэх хэрэгцээ байна. Мөн 2011 оны цэрэг татлагын тайлангаас үзэхэд цэргийн албанд тэнцээгүй залуучуудын 15.4 хувь нь дотрын, 14.3 хувь нь нүдний, 14.3 хувь нь чих хамар хоолойн, 7.2 хувь нь мэдрэлийн өвчинтэй, 10.7 хувь нь жин өндрийн алдагдалтай байна.
Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 46 хувь нь эрхтэн тогтолцооны ямар нэгэн архаг хууч өвчинтэй гэсэн үзүүлэлт гарчээ. Эцэг, эхчүүд хүүхдээ эрүүл гэж бодоод зөвхөн сурах, боловсрол олоход нь түлхүү анхаарч, эрүүл мэндийн асуудлыг орхигдуулснаас халдварт бус өвчинтэй насанд хүрэгчдийн 60 гаруй хувь нь хүүхэд насандаа уг өвчнөөр өвчилж эхэлсэн байдаг байна.
Иймд “Эрүүл хүүхэд- Монголын ирээдүй уриатайгаар “Эрүүл хүүхэд” аяныг хэрэгжүүлж, 18 хүртэлх насны бүх хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, бие бялдрын өсөлтийг үнэлэх, эмчлэн эрүүлжүүлэх хэрэгцээ шаардлага тулгарсан юм. Тиймээс Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ хамтран “Эрүүл хүүхэд” аяныг хэрэгжүүлж эхлээд байна. “Эрүүл хүүхэд” аяны үзлэгт өнөөдрийн байдлаар 207,411 хүүхэд хамрагдсан бөгөөд үзлэгт хамрагдсан хүүхдийн 131122 буюу 63,2 хувьд нь ямар нэгэн өвчин эмгэг илрээд байна.
Үзлэгт аймгуудаас нийт 117,801 хүүхэд хамрагдсан нь үзлэгт хамрагдвал зохих нийт хүүхдийн 20.3 хувийг эзэлж байгаа аж. Тухайлбал, Дорноговь аймгийнхан үзвэл зохих хүүхдийнхээ 45.9, Дархан-Уул аймгийнхан 40.1, Сэлэнгэ аймгийнхан 38.8 хувийг тус тус хамруулж аймгуудыг тэргүүлжээ. Улаанбаатар хотод үзлэгт 89,610 хүүхдийг хамруулсан бөгөөд энэ нь хамрагдвал зохих бүртгэлтэй хүүхдийн 22.7 хувийг эзэлж байгаа гэнэ. Мөн нийслэлийн Багануур дүүрэг 32,0 хувьтай байгаа бөгөөд Сүхбаатар, Ховд, Завхан аймгийн хамралт нэлээд доогуур байгаа гэсэн мэдээ гарчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ