Арвагар хээр 10 нас хүрлээ

img

Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд “Арвагар хээр” холбооны 10 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо. Уг арга хэмжээнд Монгол Улсын Тод манлай уяач, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, тус холбооны хүндэт тэргүүлэгч, УИХ-ын гишүүн Д.Зоригт, Монголын Улсын тод манлай уяач Эрдэнэчулуун тэргүүтэй хүндэт зочид оролцов. Баярын хурлын нээлтэд Монгол Улсын Тод манлай уяач, УИХ-ын дэд дарга Г.Батхүү хэлсэн үгэндээ, “Амьдралын 10 жил гэдэг урт хугацаа. Энэ хугацаанд “Арвагар хээр” холбоо их ажил амжуулж, өнөөгийн өндөрлөгт хүрсэн. Нэг үе, 1990-ээд онд хурдан морь уяна гэдэг зөвхөн малчдын, настайчуудын хийх ёстой ажил мэтээр ойлгодог, Монголынхоо өв соёлыг бүрхэгдүүлдэг байсан. Анх яамны мэргэжилтэн залуу байхдаа хурдан морь сонирхож явахад хүмүүс янз бүрээр ханддаг байлаа. Харин өнөөдөр морин спорт хөгжиж, олны хандлага ч өөрчлөгджээ. Үүнд уяачдын хувь нэмэр асар их” гэдгийг тодотгосон. Мөн “Хурдан морь уяна гэдэг Монголын өв соёл. Өвөрхангайгаас олон сайн уяач төрөн гарч төрийн өндөр цолонд хүрч байна” гэв. “Арвагар хээр” холбоо нь Өвөрхангай аймгийн 20 суманд салбартай, 1980 уяачтай аж. Өвөрхангайгаас Монгол Улсын тод манлай уяач хоёр, Манлай уяач нэг, алдарт уяач 14, аймгийн алдарт уяач 114 төржээ. Сүүлийн есөн жилийн дотор Өвөрхангай аймгийн уяачид зүүн аймгуудаас 4500 орчим хурдан угшлын хүлгүүдийг нутагтаа авчирч, адууныхаа угшлыг сайжруулсан байна. Түүнчлэн Монголын Улсын Тод манлай уяач, УИХ-ын дэд дарга Г.Батхүү “Шунхлай” угшлыг бий болгож, Өвөрхангай аймагтаа нутагшуулж буй. Арван нас хүрч байгаа “Арвагар хээр” холбооны бас нэг амжилт нь морио дээдэлдэг түмэн олныхоо дэмжлэг, хандиваар Монгол түмний морины их шүтээнийг бүтээн босгосон юм. Энэхүү шүтээн нь моринд хайртай монгол хүн бүрийн зорьж очдог газрын нэг болжээ. Ойн баярын арга хэмжээний хүрээнд мөн энэхүү шүтээнд уяачид, иргэд хүндэтгэл үзүүлсэн юм. Нэг үе төрийн их баяр наадмаар морины уралдаан будилах, морьд гарааны зурхайд хүрэхээсээ өмнө эргэх тохиолдол их гардаг байсан. Харин “Арвагар хээр” холбооны санаачлагаар морьдыг гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргүүлэх төхөөрөмжийг нэвтрүүлсэн нь уралдаан будилах, уяачдын хөдөлмөр талаар өнгөрөх зохисгүй үзэгдлийг таслан зогсоож чаджээ. Энэ тухай ойн баярын хурлын үеэр онцлон тодотгож байсныг энд дурдууштай. Тус холбоо мөн “Их хурд-4”,  бусад бүс нутгийн чанартай 80 гаруй уралдааныг зохион байгуулжээ. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

havarin tarchig tsagaar hun, aml tamalaad l ...
2012-04-16
ene bayraar ni uraldaan bolsiishd
2012-04-16