
Засгийн газраас ахмад настанд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эх орны хишиг буюу нэг сая төгрөгийг тараах шийдвэр гарсан билээ.
Засгийн газрын шийдвэрт 2012 оны хоёрдугаар улирлын сар бүрийн сүүлийн хагаст олгоно гэж заасан тул энэ сарын сүүлээс эхлэн нэг сая төгрөгөө гурав хувааж буюу эхний хоёр сар 330, сүүлийн сар буюу зургадугаар сард 340 мянган төгрөг авах юм байна.
Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас эхний ээлжинд сая төгрөг авах өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн материалыг өнгөрсөн долоо хоногоос эхлэн авч байгаа аж.
Ингэхдээ өндөр настнууд өөрийн оршин сууж буй харьяа хороон дээрээ иргэний үнэмлэх, түүний хуулбарын хамт бүртгүүлэх бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд мөн иргэний үнэмлэх, түүний хуулбартай харьяа хороондоо бүртгүүлэх юм байна.
Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын ахлах мэргэжилтэн Д.Ганчимэг “Өнөөдөр ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ачаалал бага үүсгэх үүднээс зөвхөн иргэний үнэмлэхээр бүртгэлд хамруулахаар болсон.
Өндөр настай хүмүүсийн хувьд 2012 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 55 ба түүнээс дээш настай эмэгтэй, 60 ба түүнээс дээш насны эрэгтэй гэж ангилж өгсөн.
Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй гэсэн эрүүл мэндийн актийг үндэслэн түүнийг нь харьяа хорооны хүмүүс хамгийн сүүлчийн шинэчилсэн актыг бүрдүүлээд дүүрэгтээ хүргэх юм. Үүн дээр нь үндэслээд бид мөнгөө тарааж эхэлнэ” гэв.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ