
Цагдаагийн экс дарга нар болох хошууч генерал Ч.Амарболд, хурандаа Ш.Батсүх, дэд хурандаа Г.Ганбаатар, дэд хурандаа О.Зоригт холбогдох шүүх хурал өнөөдөр Цагдан хорих төвд 11.00 цагаас эхэлсэн юм. Хуралдаанд шүүгчээр Ч.Хосбаяр, М.Алдар, С.Оюунчимэг, улсын яллагчаар С.Хишигжаргал, Ч.Уртнасан нар оролцлоо.Хуралд шүүхийн захирамжаар Өмгөөлөгчдийн холбооноос томилсон өмгөөлөгчид болох хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгч Б.Батхуяг, хурандаа Ш.Батсүхийг Л.Даваасүрэн, дэд хурандаа О.Зоригтийг Ж.Энхтуяа, дэд хурандаа Г.Ганбаатарыг Т.Баярсайхан нархүрэлцэн ирсэн байв. Шүүх хуралдааныг Ч.Хосбаяр шүүгч нээсний дараа шүүгдэгч нар бүрэлдэхүүнд хүсэлтээ уламжиллаа.
Дэд хурандаа Г.Ганбаатар: МӨХ өмгөөлөгч томилсон нь эрх зөрчиж байна
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36.3.3. өөрийгөөөмгөөлөх, энэхуулийн 39 дүгээрзүйлд заасны дагуу “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч өмгөөлөгчөө өөрөө сонгоно” гэсэн заалтыг зөрчиж байна.Тиймээс өмгөөлөгчөөсөө татгалзах хүсэлтэй байна. Шүүхээс ямар тохиолдолд өмгөөлөгчийг томилох вэ гэдгийг маш тодорхой хуульд заасан. Тухайлбал цаазын ялтай шүүгдэгч, хараагүй дүлий, насанд хүрээгүй хүүхдэд шүүхээс өмгөөлөгч томилдог. Харин бидний холбогдсон хэрэгт өмгөөлөгч томилох шаардлагагүй. Эрүүл мэндийн байдал муу байгаа тул таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү.
Хошууч генерал Ч.Амарболд: Нэрсийн жагсаалт өгсөн
Шүүгдэгч эрх зүйн туслалцаа авах онцгой эрхтэй. Тиймээс өмгөөлөгчөө сонгох нь хариуцлагатай ажиллагаа. Гэтэл шүүхээс хүчээр өмгөөлөгч нарын нэрсийн жагсаалтыг бидэнд өгсөн нь өмгөөлөл авах эрхийг ноцтой зөрчлөө. Монголын Өмгөөлөгчдийн холбооноос гаргаж өгсөн нэрсийн жагсаалтаас өмгөөлөгчөө сонгоно гэж байхгүй. Нэрсийн жагсаалтаас харвал тухайн өмгөөлөгч нар ямар мэдлэг туршлага, боловсролтой эсэхийг бид мэдэхгүй сонго гэж тулгаж байгаа нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг зөрчиж байна гэж үзэж байна. Тиймээс Өмгөөлөгчдийн холбооноос миний хэргийг өмгөөлүүлэхээр томилсон өмгөөлөгч Б.Батхуягаас татгалзах хүсэлтэй байна.
Ийн хуралдааны үеэр дөрвөн шүүгдэгч бүгд өмгөөлөгчдөөсөө татгалзах хүсэлт тавьсан бол тэдний өмгөөлөгч нар ч шүүгдэгч нарын өмгөөлөгчөө сонгох хүсэлтийг нь хүндэтгэн үзэж тэднээс татгалзаж байгаагаа илэрхийлсэн. Үүний дараа улсын яллагч Ч.Уртнасан ч шүүгдэгч нарыг өмгөөлөгч сонгох эрхтэй гэдэгтэй нь санал нэг байгаагаа илэрхийллээ. Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагчийн санал хүсэлтийг сонссоны дараа 20 орчим минут зөвлөлдөж шийдвэрээ гаргалаа.Хурал даргалагч шүүгч Ч.Хосбаяр шийдвэрийг танилцуулахдаа”Шүүхийн захирамжаар өмгөөлөгч томилсон ч та бүхний аль ч эрхийг зөрчөөгүй. Өмгөөлөгчөө сонгох эрх чинь нээлттэй байсан. Сонгоогүй учраас төрөөс та бүхэнд өмгөөлөгч сонгож өглөө. Нэмж өмгөөлөгч авч болно. Өмгөөлөгчдийн хувьд дараагийн шүүх хуралдаан хүртэл 3 хоногт багтан хавтаст хэрэгтэйгээ танилцаарай. Шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгч, шүүгдэгч нарын татгалзсан хүсэлтийг хангахгүй. Мөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхгүй. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хорих ангидаа авах боломжтой учраас үргэлжлүүлэн хорино” гэв. Ийн шүүх бүрэлдэхүүн цагдаагийн экс дарга нарт холбогдох хэргийн шүүх хурлыг энэ сарын 19-ний өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарыг үргэлжлүүлэн хорих шийдвэрийг хэвээр үлдээж, Өмгөөлөгчдийн холбооноос томилж өгсөн өмгөөлөгч нарыг уг хэргийг өмгөөлөл үзүүл гэсэн шийдвэрийг гаргалаа. Шүүгч шийдвэр танилцуулсны дараа өмгөөлөгч Ж.Энхтуяа бүрэлдэхүүнд хандан”Шүүгдэгч нарын өмгөөлөл авах эрхийг зөрчиж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Бид гуравхан хоногийн дотор хавтаст хэрэгтэй яаж танилцаж амжих юм бэ. Тэгээд ч хуульд зааснаар шүүгдэгч өөрөө өмгөөлөгчөө сонгох эрхтэй байтал томилгооны өмгөөлөгчөөс татгалзах хүсэлтийг нь хүлээн авахгүй байгаа нь ямар учиртай юм бэ” гэсэн асуудлыг тавьсан боловч шүүгчид нэгэнт шийдвэр гарсан тул гомдол байвал дээд шатны шүүгчид гаргах эрхтэй гэснээр энэ өдрийн хуралдаан дууссан юм. Энэ үеэр шүүгдэгч дэд хурандаа Г.Ганбаатараас цөөн асуултад хариулт авлаа
-Та өмгөөлөгчөө сонгоо юу?
-Хоригдож байгаа хүн хаана өмгөөлөгчөө сонгох гээд явах билээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 39.1 дэх хэсэгт заасны дагуу “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч өмгөөлөгчөө өөрөө сонгоно” гэсэн заалтыг шүүгч зөрчлөө. Өмгөөлөгчдийн холбооноос өмгөөлөгч томилж явуулсан ч бидний өмгөөлөгчөө сонгох эрхэнд ноцтой халдлаа гэж үзэж байна.
-Ямар оноштой эмчлүүлж байна вэ?
- Элэгний өвчтэй. Эмчилгээ хийлгэж байна. Үүрэгт ажлаа гүйцэтгэсний төлөө буруутгагдан шүүгдэж байгаадаа гомдолтой байна. Өнөөдөр өмгөөлөгч сонгох эрхийг маань боомиллоо шүү дээ.
-Ар гэрийнхэнтэйгээ хоригдсоноосоо хойш уулзсан уу?
-Нэг л удаа уулзсан
Ийнхүү анхан шатны шүүх дээр дөрөв дэх удаагаа хойшилж буй Ч.Амарболд нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 294.2, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 буюу гэмт хэрэгт хамтран оролцож гардан гүйцэтгэсэн гэсэн зүйлчлэлээр яллагдагчаар татагдсан хэргийг гурав хоногийн дараагаар хэлэлцэхээр боллоо.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ