
Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна.
Зэрлэг ан амьтан, ургамлын олон улсын худалдаа зарим амьтан, ургамлын төрөл зүйлийн амьдрах орчин нөхцөлд сөргөөр нөлөөлж устаж мөхөх шалтгааны нэг болж байгааг харгалзан энэ төрлийн худалдаанд хяналт тавих зорилгоор 1973 онд АНУ-ын Вашингтон хотноо улс орнууд “Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах” конвенцид нэгдэн гарын үсэг зурсан билээ.
Конвенцийн хавсралтад орсон амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эдийг гадаадад хууль бусаар гаргахыг завдсан хэргүүдийг хууль хяналтын байгууллага илрүүлдэг боловч тэдэнд хариуцлага тооцох эрх зүйн үндэс дутмаг байгаа тул хууль зөрчихийг завдсан этгээдэд хүлээлгэх хариуцлагын асуудлыг хуульчлан заах хэрэгтэй болсон байна.
Хууль зөрчигчдөд захиргааны хариуцлага хүлээлгэн торгодог ч торгуулийн хэмжээ нь тэдний олж байгаа орлоготой харьцуулахад багахан хэсэг нь болж, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох хөшүүрэг болж чадахгүй байгаа тул торгуулийн хэмжээг мөнгөний ханшны уналттай уялдуулан хуульчлах шаардлагатай болжээ.
Эдгээр нэмэлт өөрчлөлтүүд орсноор улс эх орны амьтан ургамлын нөөц, түүнтэй холбоотойгоор тэдгээрийн гадаад худалдааны асуудалд зүй зохистой ахиц дэвшил гарна гэж хууль санаачлагчид үзсэн байна.
Дашрамд сонирхуулахад, ирвэсийн генийг судлах зорилгоор цөөн ирвэсийг агнах хүсэлтийг судалгааны байгууллагаас БОАЖЯ-нд ирүүлж байсан. Олон улсын байгууллагаас ирвэсийг агнахгүйгээр үс, баас гэх мэтийг нь шинжлэх боломжтой гэжээ. Энэ амьтан огт харагддаггүй. Зургийг нь ч олж авч чадахгүй байгаа аж. Тийм болохоор их хэмжээгээр өссөн гэж хэлж болохгүй. Ямартай ч ирвэсийн өсөлтийн тоо хэмжээг тогтоосон дүн гарсны дараа холбогдох арга хэмжээг авна. Нэгэнт олон улсын конвенциор ирвэсийг агнаж болохгүй болсон болохоор малчдад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтийг холбоглох газруудад уламжлаад байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ