Хамтран ажиллах гэрээ байгууллаа
БНЭУ-ын Онцгой татвар, гаалийн төв зөвлөлийн дарга С.К.ГОЕЛ, Колкатагийн гаалийн газрын Татварын орлого, зөрчил хариуцсан дэд дарга П.К.ГОЕЛ, Гонконг дахь Гаалийн консул П.Н.ПАНДЕЙ нар Монгол улсад 2012 оны 04 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын үед “Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан. Гарын үсэг зурах ёслолд Сангийн сайд Д.Хаянхярваа, ГЕГ-ын дарга Д.Цэвээнжав, дэд дарга Д.Оюунчимэг, дэд дарга Б.Цэрэнбалтав, БНЭУ-аас Монгол улсад суух элчин сайд Сатбир Сингх нар оролцов. Монгол, Энэтхэг улсууд өнө эртний харилцааны түүхтэй бөгөөд хоёр улсын ард түмний хоорондын түүхт харилцаа холбоо гаалийн хамтын ажиллагаагаар улам бэхжиж байгаагийн илрэл бол энэ хэлэлцээр юм. Энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурснаар хоёр гаалийн байгууллагын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, гаальчдыг сургах, харилцан туршлага солилцох, техникийн туслалцаа үзүүлэх боломж нээгдэх юм. Үүнд: мэдээллийн технологийн ажилтнуудыг Энэтхэг улсад сургалтад хамруулах, Энэтхэгийн Фаридабад дахь Гаалийн сургалтын төвд холбогдох чиглэлээр гаалийн улсын байцаагч нарыг сургах, багш мэргэжилтнүүдийн урьж Монгол улсад сургалт зохион байгуулах. Цаашид Монголын гаалийн байгууллага гаалийн мэдээллийн автоматжуулалт, хар тамхины хууль бус эргэлтийг хянах, итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийг шалгаруулж, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэх, бүрдүүлэлтэд зарцуулах цаг хугацааг багасгах, бараа нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдлыг хангах чиглэлээр Энэтхэг Улсын гаалийн баялаг туршлагаас суралцах, хамтран ажиллахаар төлөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ