УИХ-ын гишүүн асан Б.Батбаатартай ярилцлаа.
-УИХ-ын гишүүний бүрэн эрх дууссанаас хойш багагүй хугацаанд хэвлэлээс хол байлаа. Яг одоо ямар ажил хийж байна вэ?
-Чингэлтэй дүүргийн АН-ынхаа ажлыг эмхлээд л байж байна.
-Таны намтрыг харж байхад бизнест хөл тавьж байсан түүх сонирхолтой юм билээ. Тэр талаар дурсвал?
-1989-1990 оны үед Монгол Улс социалист системээс салж, ардчилсан хувьсгал өрнөсөн. Энэ үед зах зээлийн нийгэмд дасан зохицохын тулд олон хүн наймаа эрхэлсэн. Тухайн үед манай улсын үйлдвэрүүд дотоодынхоо хэрэгцээг чанарын хувьд хангаж чаддаггүй байсан. Тиймээс гадаадаас хүмүүс бараа таваар ихээр зөөдөг байлаа. Миний хувьд энэ үед хуучнаар “Алтай”, одоо “Цэцэг” зочид буудлын хоёр давхраас “Femina” гээд цагаан шүүлтүүртэй тамхи 35 төгрөгөөр авч, зах дээр 45 төгрөгөөр худалддаг байлаа. Мөн хотод бараа зарахаар ирсэн буриад, оросуудаас бараа авч, зардаг байсан. Есдүгээр ангийн сурагч байхдаа иймэрхүү зүйлс л хийдэг байлаа. Харин аравдугаар ангиа төгсөөд Ардын банкнаас зээл аваад 3/1-ээр нь түүхий эд бэлтгэх, 3/1-ээр нь хүнсний лангуу, үлдсэн хэсгээр нь Эрээн, Хөх хот, Москвагаас бараа таваар зөөсөн. Энэ үед жижиг ундааны цех хүртэл ажиллуулдаг байсан.
-Тухайн үед аравдугаар ангийн хүүхэд банкнаас зээл аваад бизнес эрхлэх боломжтой байжээ. Одоогийн 18 настнуудад тийм боломж байна уу?
-Хэцүү болсон. Өнгөрсөн хугацаанд манай жижигхэн зах зээл дотроо их олон хуваагдаж, эзлэгдсэн. Энэ өрсөлдөөнд оролцож, тэсэж гарч ирнэ гэдэг их хэцүү.
-Ингэж бизнес эрхэлж байхдаа Монголд одоо болтол классик утгаараа хөгжиж чадаагүй байгаа санхүүгийн зах зээл рүү орсон байдаг. Хэр ашигтай ажилласан бэ?
-1994-1995 оны үед санхүүгийн зах зээл рүү орж, валют арилжаа эрхэлж байсан. Тухайн үеийн банк, санхүүгийн систем өөрөө бэлэн мөнгөний гачаалтай, дансандаа байгаа мөнгийг бэлнээр нь авч чаддаггүй байсан. Банкууд төлбөрийн чадваргүй, дансны бэлэн гүйлгээ, гадаад төлбөр тооцооны чиглэлд нэлээд ажилласан. Монголын ихэнх бизнесмэнүүдтэй түншийн хувиар харилцаж байлаа. Өнөөдөр сайд, дарга болсон эрх мэдэлтнүүдтэй ч бизнесийн түнш байсан. “Буян”-гийн Жагаа, Женко, “Номин”-гийнхон гээд л олон хүн байна.
-“Номин”-гийнхонтой хэрхэн түншилж байв?
-Анх “Номин” хувиараа эрхлэх аж ахуй гэж байсан. Эцэг, эхээсээ тавуулаа учраас “Номин-5” гэж хувиараа эрхлэх аж ахуйгаа нэрлэж байсан. Энэ цагаас хойш “Номин”-гийнхон нөр их хөдөлмөрийнхөө дүнд дотоодын үнэлэгдэх хэмжээний үнэ цэнэтэй компани болжээ. Бидний хувьд “Номин”-гийнхонтой гадаад, төлбөр тооцоог нь хамтарч хийдэг байсан.
-Бизнест амжилт гаргасан хүмүүс улс төр рүү их орох юм. Таныг ч мөн тэдний нэг гэж харж байна. Улс төр тэднийг яагаад татаад байна вэ?
-2000 онд УИХ-ын 72 гишүүн нь МАХН /одоогийн МАН/-ынх байсан. АН нэг, ИЗН нэг, Эх орон Монголын ардчилал, шинэ социалист нам нэг, бие даагч нэг гэсэн төлөөлөл цөөнхийн дуу хоолой болж байсан. 2000 оны сонгуулийн энэ үр дүнг хараад ардчиллыг дэмжигч, түүнийг эрхэмэлдэг хүнийхээ хувьд өөрийн бодит хувь нэмрээ оруулъя гэж бодсон. Тухайн үед ардчилсан хүчин өнөөдрийнх шиг суудалтай байсан бол би улс төр рүү орохгүй байх байлаа.
-Хүмүүс өөрчлөлт хайж шинэ зүйл рүү ордог юм шиг ажиглагддаг. Таны хувьд улс төрд, УИХ-д ороод хайсан өөрчлөлтөө хийж чадсан уу?
-УИХ-д шийдвэр гаргах түвшинд шинэ хүмүүс харьцангуй цөөхөн байсан. Нөгөө талд улс төрд 1992 оноос хойш 14-15 жил хамт явсан нөхдүүд байсан. Тиймээс шийдвэр гаргалтын түвшинд хүссэн хэмжээгээр оролцож, зорьж байсан болгоноо шийдвэр болгож хувиргаж чадаагүй. Одоо шийдвэр гаргах энэ түвшинд шинэ үе, залуучууд их ороосой, харилцан биенээ дэмжиж, хамтарч ажиллаасай гэж хүсэж байна.
-Хүмүүс улс төрд залуучууд ороосой гээд байдаг. Энэ үеийг улс төрд оруулснаар ямар өөрчлөлт гарна гэж нийгэм хүлээж байгаа бол. Та тэр үеийн төлөөллийн хувьд үүнийг юу гэж хардаг вэ?
-Монголын төрд нэг том цэвэрлэгээ хэрэгтэй байна. Бие биенийхээ булхайг уудлалцсан, нөгөө талд дарж хаацайлсан энэ хүмүүсийг бүгдийг нь хамтад нь цэвэрлэх цаг болжээ.
-Цэвэрлэгээ нь хаанаас эхлэх юм. Цэвэрлэгч нь хэн байх юм?
-Цэвэрлэгч нь ард түмэн байх болно. Өөр хэн ч эднийг цэвэрлэж чадахгүй. Энэ л хүн, энэ л улс төрийн намын хэсэг үүнийг хийж чадна гэж бодож итгэл өгнө. Харамсалтай нь одоо ингэж итгэсэн хүмүүс нь үүргээ биелүүлж чадахгүй байна. Би та нарын төлөө энэ улс орныг ингэж өөрчилнө гэж гарч ирсэн хүмүүс үүргээ биелүүлэхгүй байна.
-Та өөрөө амлалт өгч, УИХ-д суусан. Үүргээ биелүүлж чадсан уу. Одоо дахиад өрсөлдөх бодолтой байгаа гэсэн. Яагаад?
-Ганц хялгасаар бүх юмыг шүүрдэж болохгүй. Олон арван хялгас нийлж байж шүүр болж чадна. Ганцхан саваа төмрөөр юмыг цохино уу гэхээс шүүрдэх боломжгүй юм билээ. УИХ-д дэвших, дэвшихгүй асуудлыг ярьж байна. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар энэ тухай асуудлыг ярих боломжгүй. Ардчилсан намд 99 гишүүн УИХ-д нэр дэвшихээ илэрхийлж, намын дотоод дүрмээрээ 50 сая төгрөгөө төлсөн. Эдгээр хүний нэг нь би мөн.
-Сүүлд “Мөнх тэнгэр” гээд фракц байгууллаа. Танайхыг “Шонхор” фракцтай өрсөлдөхөөр гарч ирсэн гэж хүмүүс харж байна. Ямар зорилгоор ҮЗХ-ны гишүүд нэгдчих вэ?
-Нэр утгаар нь яриад байх нь зохимжгүй байх. Гэхдээ нэрэнд учир бий гэдэг. “Мөнх тэнгэр” бол АН-ын ҮЗХ-н доторхи фракц. АН-ын энгийн гишүүдийг талцуулаад хуваагаад байгаа зүйлгүй. Бид бодлогын өрсөлдөөн гаргаж тавъя гэж байгаа юм. “Мөнх тэнгэр” фракцийнхан улс төрд шинэ соёл авч ирж тавъя гэдэг зүйлийг ярьж байна. Үүний төлөө зүтгэж байна. Ийм соёлыг суулгах, дээр нь иргэдийн дуу хоолойг АН-ын болон төрд бодлого болгохыг бид зорьж байгаа. Дээрээс нь бусдад боломж олгохоор ажиллаж байна. Түүнээс МоАХ, Алтан гадасын эсрэг бодлого явуулаад хагарал бий болгохыг бид хүсэхгүй байна. Бид бүгд АН-ын эд эс, өнгө талст.
-Улс төрийн соёл гэж таныхаар юу вэ. Манайд энэ зүйл ямар хэмжээнд тогтоод байна вэ?
-Миний ойлгож байгаагаар улс төрийн соёлын анхны хэмжүүр нь хариуцлага хүлээх чадвар. Албан тушаал аваад төрд тангараг өргөж байж, төрийн албан хаагч болдог. Тангараг өргөж төрийн алба хашиж байж хэл аманд орооцолдоод идсэн уусан нь нотлогдохоор нэг бол өвдөөд, өөр хувийн асуудлаар ажлаа өгдөг жишиг Монголд тогтлоо. Тангараг өргөсөн төрийн албан хаагч үнэхээр ажлаа сайн хийж, боловсорсон бол илүү хариуцлага хүлээгээд итгэл даагаад явах ёстой. Гэтэл ажлаа хийж чадахгүй болохоороо төрийн албанаас зугтаж гардаг болоод байна. Маш олон агентлагийн дарга нар ажлаа зүгээр л өгчихдөг. Ерөнхий сайд байсан С.Баяр гэдэг хүн бие өвдлөө гээд ажлаа өгчихлөө. Угаасаа бие муутай юм бол Ерөнхий сайд болох шаардлагагүй байсан юм. Тийм учраас улс төрийн соёл хариуцлагаас эхэлнэ гэж дүгнэсэн. УИХ-ын гишүүд, улстөрчдийн дунд хариуцлагатай хүн их цөөхөн харагдаж байна.
-Та өөрөө шийдвэр гаргах түвшинд дөрвөн жил байхдаа хэр хариуцлагатай байсан юм бэ?
-Хариуцлагатай гэж өөрийгөө ойлгож байгаа. Эрх мэдэл, албан тушаал гэдэг нь ажил хийх боломж. Энэ бүхэн байхгүй хариуцлага үүрээгүй байгаа хүнийг хариуцлагатай, хариуцлагагүй гэж хэлж болохгүй. Миний хувьд УИХ-д дөрвөн жил суухдаа боломжоороо хариуцлагатай ажилласан. УИХ-ын гишүүн хуулийн төсөл санаачлах, хэлэлцэгдэж байгаа хуулиуд болон парламентын үйл ажиллагаанд оролцох ёстой. 2004-2008 оны хооронд 10 гаруй хуулийн төсөл санаачилсан, 40-50 орчим хуулийн ажлын хэсэгт орж ажилласан гээд олон зүйл бий л дээ.
-Монголын нийгэм бухимдалтай байна. Таны хувьд энэ үүнийг алга болгох хүчин зүйлийг юу гэж хардаг вэ. Та өөрөө нийгэмдээ бухимддаг уу
-Бухимдаж байна. Хуучин хүн хэчнээн шинэ болж харагдах гээд хуучин арга барилаараа л ажилладаг юм байна. Шийдвэр гаргах түвшинд залуучууд ороосой гэж харж байна. 2004-2008 онд хийсэн ажлынхаа үргэлжлэлийг би хийнэ. Өөр илүү тавьсан зорилтууд ч надад бий. Ер нь би орох орохгүй дээ биш. Миний хувьд АН юу хийх ёстой вэ гэдэг дээр өөрийнхөө санаа бодлыг тусгах гэж ажиллаж байна.
-Монголчууд их намчирхаж байна гэдэг. Таны хувьд АН таны үнэт зүйл мөн үү?
-Ардчилсан намын амьдралд гүн гүнзгий оролцохын өмнө миний хамгийн үнэт зүйл байсан. Одоо ч хэвээрээ л дээ. Гэхдээ тодорхой хэмжээгээр хортон суусан л даа. Сүүлийн 8-9 жилийн улс төрийн байдал, АН-ын дотоод байдалд хортон суусан.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ