Нийтийн эзэмшлийн замаар хүнд даацын ачааны автомашинууд явснаар шинээр тавьсан болон засвар шинэчлэлт хийгдсэн замууд жилийн нүүр үзэлгүй эвдэрч, цөмөрч байна. Иймд ачааны автомашинуудыг даацаас нь хамаарч, хязгаарлалт хийж байгаа талаар Замын цагдаагийн газрын Замын зохион байгуулалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Ариунболдоос тодрууллаа.
-Даац хэтэрсэн тээврийн хэрэгслийг нийтийн эзэмшлийн зам талбайгаар явуулахгүй гэж байна. Нэг тэнхлэгт оногдох хүндийн жингийн талаар тодруулахгүй юу?
-НИТХ-ын 153 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 191 тоот захирамж, MNS:4598 стандартыг үндэслэн тодорхой хэмжээгээр хязгаарлалт хийж байгаа. Венийн конвенцид нийтийн эзэмшлийн зам талбай дээгүүр явах тээврийн хэрэгслийн тэнхлэгт ноогдох даацын хэмжээг зааж өгсөн байдаг. Тухайлбал, зургаан тэнхлэгттэй тээврийн хэрэгсэлд бүх жин нь 40тн байхаар тогтоосон байдаг. Бүх жин нь 40 тонн тээврийн хэрэгсэл унаад хөдөлгөөнд оролцож явах иргэн хүн байхгүй шүү дээ.
Нийтийн эзэмшлийн зам өөрөө үүнээс илүү даахаар хийгддэггүй. Манай улс энэ конвенцид нэгдсэн орны тухайд олон улсын хууль тогтоомжийг нэн тэргүүнд баримлах ёстой. Энэ конвенцид нийцүүлээд Монгол улс MNS:4598 стандарт баталсан. Тэр нь манай нөхцөлд хоёр тэнхлэгтэй тээврийн хэрэгсэлд 18 тн, гурван тэнхлэгтэй тээврийн хэрэгсэлд 24 тн, дөрвөн тэнхлэгтэй бол 38 тн, таван тэнхлэгтэйд 40 тн, зургаан тэнхлэгтэй тээврийн хэрэгсэлд 44 тн гээд тогтоогоод өгчихсөн байдаг. Тэгэхлээр энэ стандартад тохирсон том оврын тээврийн хэрэгслүүдийг явуулна.
-Барилга, зам засварын ажил эхлээд удаагүй байна. Хүнд даацын автомашинуудаар элс, хайрга, цемент зэргийг зөөвөрлөдөг. Эдгээр автомашинуудыг яах вэ?
-Дээрх бүх жинг баримтална. Иргэдийн явах зам дээгүүр технологийн тусгай зориулалттын замаар явдаг 60, 70, 80, 100 тоннын тээврийн хэрэгсэл явж эвдээд байна. Ийм учраас л хориглосон. Эвдээд байгаа зам бол татвар төлөгчдийн мөнгөөр баригдсан. Сайхан замаар явъя гээд мөнгө өгчихөөд байхад тэр замыг нь эвдээд байж болохгүй, Тиймээс хамгаалах үүрэгтэй.
Нэг жишээгээр тайлбарлая. Хово, Хьюндай маркийн машины өөрийнх нь жин нь 12-13 тн байдаг юм. Гэтэл Хьюндай нь 12, Хово нь 25 тн ачаа ачдаг. Хьюндай маркийн автомашины өөрийн 12 тн дээр 12 тн ачаа ачихаар 24 тн болж байна. Энэ нь Монгол улсын MNS4598 стандартад заасны дагуу гурван тэнхлэгтэй автомашинд бүх жин 24 тн байна гэсэн стандартыг хангаж байгаа юм. Гэтэл Хово маркийн автомашин жин 12 дээрээс нь 25 тонныг ачих гэхээр 37 болоод Хово маркийн автомашин энэ стандартыг зөрчиж байна. Иймд нийслэл хотод том оврын автомашинаар үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг аж ахуй нэгж байгууллагууд тээврийн хэрэгслээ сонгож авахдаа дээрх стандарт шаардлагыг хангасан тээврийн хэрэгслийг авах хэрэгтэй. Одоо нэгэнт ашиглаж байгаа стандартын даацаас хэтэрсэн тээврийн хэрэгслийг нийтийн эзэмшлийн зам талбайгаар явуулахгүй байх, үйлдвэрлэлийн зам талбайд нь ашиглахыг анхааруулж байна.
-Ачааны автомашинуудад төв замаар явах зөвшөөрөл олгодог шүү дээ.
-Бүх жин нь 5500 кг болон түүнээс дээш бүх жинтэй ачааны автомашиныг “С” бүх жин нь 5500 кг-аас хэтрэхгүй жинтэй ачааны автомашиныг “В” ангиллаар зөвшөөрөл олгож хөдөлгөөнд оролцуулдаг. Энэ зөвшөөрлийг аваагүй автомашин хөдөлгөөнд оролцож болохгүй. НИТХ-ын 2009 оны 153 дугаар тогтоолоор нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд ачааны автомашиныг зохицуулалттайгаар оролцуулах түр зөвшөөрөл олгох журам батлагдсан. Журмын дагуу хагас жил тутам ачааны автомашины бүх жингээс нь хамаарч “B”, “C” ангиллаар зөвшөөрөл олгодог байгаа.
-Газрын хөрсний хөлдөлт гэсэлтийн үед ачааны автомашинуудыг мөн хязгаарлалтайгаар хөдөлгөөнд оролцуулдаг байх аа?
- Манайх бусад улс орнуудыг болвол онцлог ялгаатай. Жилийн дөрвөн улиралтай. Хавар намар газар гэсэж, хөлдөж дифирмаци үүсгэдэг. Улирлын онцлогоос хамаараад Нийслэлийн Засаг даргын 191 тоот захирамжийн дагуу хавар гуравдугаар сарын 20 –ноос дөрөвдүгээр сарын 20, намар аравдугаар сарын 20 –ноос арваннэгдүгээр сарын 20-ны хооронд буюу жилд хоёр удаа газар хөлдөлт, гэсэлтийн үеэр ачааны автомашины хөдөлгөөнийг хязгаарладаг. Одоо хаврын үе таарсан байгаа учраас энэ сарын 20 хүртэл хязгаарлаад байна. Энэ захирамжийн хугацаа дууссан ч нийтийн эзэмшлийн төв, орон нутгийн замаар MNS:4598 стандартыг зөрчсөн автомашинуудыг хөдөлгөөнд оролцуулахгүй.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ