
Монгол улсын Засгийн газраас Дархан уул аймгийг “Монгол Улсын загвар хот” болгохоор шийдвэрлэж, загвар хотын хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор Дархан-Уул аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбатаас тодрууллаа.
-Дархан уул аймгийг “Монгол Улсын загвар хот” болгохоор шийдвэрлэсэн, загвар хотын хөгжлийн хөтөлбөрийг хэрхэн боловсруулж байгаа вэ?
- Дархан хот бол үйлдвэрийн хот, түүхэн туршлага, бүтээлч үйл ажиллагаа, ирээдүйн боломжийг нь харгалзан Дархан хотыг “Монгол Улсын хөгжлийн загвар хот” болох ёстой хэмээн зарласан юм. Ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайд энэ оны гуравдугаар сарын 26-ны өдрийн 32 дугаар захирамжаар загвар хотын хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан.
-Хөгжлийн бодлогоо хэрхэн боловсруулсан бэ? Загвар хотын хөгжлийн хөтөлбөр гарсан уу ?
- Дархан-Уул аймгийн ИТХ, ЗДТГ, Үндэсний хөгжлийн хүрээлэнтэй хамтран Монголын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан аймгийн нийгэм, эдийн засгийг ирэх 2021 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн цогц бодлогыг боловсруулж батлуулсан. Харин одоо хөгжлийн цогц бодлогоо “Монгол Улсын их бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилт, мөн салбарын яамдуудын ирэх 2015, 2021 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрүүдтэй уялдуулж, Монгол Улсын загвар хотын хөгжлийн хөтөлбөрийг боловсруулахаар зэхэж байгаа. Эхний ээлжинд зөвөлгөөний хэсэг иргэдээс санал хүлээн авч, саналаа судлан үзээд хэрэгжүүлэх юм.
-Уг хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэгт ямар хүмүүс оролцож байгаа вэ?
-Хөгжлийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн даргаар Монгол Улсын Шадар сайд, орлогч даргаар Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга ажиллана. Мөн гишүүдээр Сангийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсрол соёл, шинжлэх ухааны яам, Зам тээвэр барилга хот байгуулалтын яам, Эрдэс баялаг эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга нар оролцох юм. Түүнчлэн Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын ХБХ-ийн дарга нар ажиллана.
-Хөгжлийн хөтөлбөр боловсруулах ажлыг хэзээ хийж дуусгах вэ?
-Ерөнхий сайдын захирамжаар загвар хотын хөгжлийн хөтөлбөрийг энэ оны хоёрдугаар улиралд буюу зургадугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанаар батлуулахыг ажлын хэсэгт даалгасан. Гэхдээ уг ажил маань ирэх 2021 он хүртэлх хугацаатай төсөл учраас одоо хийх ажлынхаа нэгдсэн төлөвлөгөөг гаргах юм. Ингэснээр хийх ажил санхүүжилт нь шийдэгдэн бодит ажил болон хэрэгжих юм.
З.Цолмон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ