
Монгол улсын үндэсний статистикийн хороо, Дэлхийн Банктай статистикийн чадавхийг бэхжүүлэх, өрхийн орлого, зарлага, амьжиргааны түвшний судалгаа, ядуурлын үзүүлэлт тооцох арга зүй, тооцооны чиглэлээр 2002 оноос хойш идэвхтэй хамтран ажиллаж байгаа аж. Энэ хугацаанд Монгол Улсын хүн амын амьжиргаа, ядуурлын бодит байдлыг харуулж чадахуйц арга зүйг тодорхойлж, өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2011 оны үр дүнд үндэслэн ядуурлын түвшний тоон мэдээллийг өнөөдөр зарлалаа. Хоёр талын хамтарсан тооцоогоор Монгол Улсын ядуурлын хамралт 29.8 хувь болж 2010 оныхоос 9.4 пунктээр, ядуурлын гүнзгийрэлт 7.6 хувь болж 3.7 пунктээр, ядуурлын мэдрэмж 2.8 хувь болж 2010 оныхоос 1.8 пунктээр тус тус буурчээ. Ядуурлын хамралтын хүрээг бүс нутгаар авч үзвэл Баруун бүсийн ядуурлын хамралт 30.2 хувь, Хангайн бүсийнх 38.9 хувь, Төвийн бүсийнх 27.2 хувь, Зүүн бүсийнх 34.3 хувь, Улаанбаатар хотод ядуурлын хамрах хүрээ 23.5 хувь болж, 2010 оныхоос бүс бүрт 2.1-20.9 пунктээр буурсан аж. Ядуурлын хамралтын хүрээг суурьшлаар авч үзвэл сумын төв, хөдөөд хамгийн их бууралттай байгаа юм. Тухайлбал, энэ үзүүлэлт хөдөө нутагт 2010 оныхоос 18.9 пунктээр буурсан байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ