
Он гарсаар инфляци огцом нэмэгдсээр гуравдугаар сарын эцэст 15.3 хувьд хүрсэн. Инфляцийн өсөлтөд мах махан бүтээгдэхүүний үнэ 58.8 хувиар өссөн нь нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хорооныхон мэдээлж байгаа.
Ийнхүү эрэлтийн хүчин зүйлээс шалтгаантай инфляци цаашид ч өсөх хандлагатай байгаа учраас Монголбанкны захирлуудын зөвлөлийн хурлаас бодлогын хүүг 0.5 хувиар нэмэгдүүлж, 13.25 хувь болгох шийдвэр гаргалаа.
Түүнчлэн банкуудын заавал байлгах нөөцийн хувийг нэг хувиар нэмэгдүүлж 12 хувьд хүргэснээ мэдээлсэн юм. Инфляцийн задаргаанд мах, махан бүтээгдэхүүний үнийн өсөлт голлох нөлөөтэй байгаа ч Монголбанкнаас ийнхүү мөнгөний бодлогыг чангаруулснаар махны үнийн өсөлтөөс бусад дарамтыг хязгаарлах боломжтой гэж үзэж байна.
Эхний гурван сарын байдлаархи инфляцийн үзүүлэлтийг 68.2 хувийг махны үнийн өсөлт эзэлсэн бол хүнснээс бусад бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт 29.3 хувийг бүрдүүлж байгаа аж. Цаашид ч инфляци өсөх хандлагатай байгаа учраас Монголбанк ийнхүү бодлогын арга хэмжээ авч байна. Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Д.Болдбаатар “Бодлогын хүүг 0.5, заавал байлгах нөөцийг нэг хувиар нэмэгдүүлсэн нь одоогийн нөхцөл байдалд тохирсон арга хэмжээ. Цаашид зах зээлийн нөхцөл байдлаас хамааран мөнгөний бодлогын асуудлаар тодорхой шийдвэр гаргаж явна, тухай бүрт нь Монголбанк мэдээлэл хийж байх болно” гэлээ.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ