
Экс Ерөнхийлөгчийг албадан саатуулах үеэр үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн албан хаагчид хууль сахиагүй гэх шүүмжлэлд өртөөд байгаа юм. Тухайн үед ямар процесс болж өнгөрсөн талаар НЦГ-ын дэд, хэв журам хамгаалах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Азбаяраас тодрууллаа.
-Хэв журам сахиулах үүрэгтэй албан хаагчид хууль зөрчсөн гэсэн мэдээлэлд тайлбар өгөөч?
-Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын төвд энэ сарын 12-ны өдрийн 20.00 цагийн үед “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Удирдлагын академийн хойно байрлах Мянганы сорил сангийн хашаанд МАХН-ын дарга Н.Энхбаярыг гэртээ ороход нь буугаар зэвсэглэсэн хэдэн залуус машиных нь цонхыг хагалаад байна” гэсэн дуудлага нэгэн иргэнээс ирсэн. Дуудлагын дагуу хөдөлгөөнт эргүүл, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид газар дээр нь очиж ажилласан. Манай алба хаагчдыг очиход АТГ-ын ажилчид шүүхийн шийдвэрийн дагуу Н.Энхбаярыг баривчлахаар ирсэн гэдгээ хэлсэн. Гэтэл АТГ-ын ажилтнуудын өөдөөс тэнд цугларсан 40 орчим иргэн, төрийн хамгаалалтын албанынхан гүйцэтгэх ажиллагаанд саад учруулснаас үүдэн хоёр тал маргаан үүсгэсэн юм билээ. Тиймээс дуудлагаар очсон цагдаагийн бүрэлдэхүүнээс АТГ-ын алба хаагчийн бууг хураан авч, тус ажилтанг тусгаарлаж, цагдаагийн машинд оруулах арга хэмжээ авч ажилласан.
-Галт зэвсэг хураан авсан гэдгээ тодруулаач. АТГ-аас арай өөр мэдээллийг өгсөн шүү дээ. Буугаа цагдаагийн ажилтанд дамжуулсан гэдэг. Яагаад ийм зөрүүтэй мэдээлэл яваад байна вэ?
-Галт зэвсгийг хураан авч, АТГ-ын ажилтныг тусгаарласан.
-Үүрэг гүйцэтгээд явж буй албан хаагчийнхаа бууг хураан авсан нь ямар учиртай юм бэ. Хууль зөрчсөн болоод буугаа хураалгасан юм биш үү?
-Хуулийн хүрээнд ажилласан.
- УИХ-ын нэр бүхий гишүүдийн биед халдчихгүй Н.Энхбаярыг баривчилж болсонгүй юу. Тусгай ажилтнууд юм бол ямар бохир гүйцэтгэх ажиллагаа явуулдаг юм бэ?
-Н.Энхбаярыг баривчлах ажиллагааны үеэр өрөөний зай талбай бага, олон хүн байсан учраас ажиллагааны явцад санамсаргүй диван хөмрөгдсөн. Түүнээс биш санаатайгаар биед халдсан зүйл огт байхгүй. Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр үүрэг гүйцэтгэх гэж очсон цагдаагийн албан хаагчдын өөдөөс салаавч гаргаж ёсзүйгүй байдал гаргасан. Бид холбогдох хууль хяналтын байгууллагад эрүүгийн журмаар шалгуулахаар гомдол гаргаад байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ