“Чөлөөт хэвлэл гэж Чөлөөт ард иргэдийг хэлнэ” онлайн хэлэлцүүлэг эхэлжээ

img

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр ирэх сарын 3-нд тохионо. Энэ онд ЮНЕСКО-оос хэвлэлийн эрх чөлөөний өдрийг  “Шинэ дуу хоолой: Хэвлэлийн эрх чөлөө нийгмийн өөрчлөлтөнд хувь нэмэр оруулах нь” сэдвийн дор тэмдэглэхийг гишүүн орнууддаа  уриалжээ. Уг уриалгыг дэмжин Глоб Интернэшнл ТББ-аас энэ өдрийг тохиолдуулан хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд ойлгуулах, түүнийг хэрхэн бэхжүүлэх, шинэ орчинд хэвлэл мэдээлэлд тулгарч буй бэрхшээлүүдийг хэрхэн шийдвэрлэхээ олон нийтээрээ хэлэлцэх зорилгоор “Чөлөөт хэвлэл гэж Чөлөөт ард иргэдийг хэлнэ” онлайн хэлэлцүүлэг зохион байгуулж эхэлжээ. Хэлэлцүүлгийг “Хэвлэлийн эрх чөлөө нийгмийг өөрчлөх хүчтэй”, “Чанартай мэдээлэл олж авахад учирч буй бэрхшээл хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж буй нь”, “Шинэ орчин дахь хэвлэл мэдээлэлд тулгарч буй бэрхшээлүүд” гэсэн гурван сэдвийн дор  явуулж байгаа аж. Түүнчлэн ардчиллыг гүнзгийрүүлэхэд хэвлэлийн эрх чөлөөг яаж ашиглах вэ, интернэтийн орчинд бүрэлдсэн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний ололт амжилтуудыг хэрхэн дэмжин, хамгаалах вэ, ардчилсан сонгуулийг амжилттай явуулахад цахим мэдээллийн хэрэгслийг хэрхэн үр ашигтай ашиглаж болох вэ, мэргэжлийн уламжлалт сэтгүүл зүй ба иргэний сэтгүүл зүй улам ойртож байна уу зэрэг асуудлаар санал солилцож болно. Мөн интернэт ашиглан цацаж байгаа гүтгэлэг, доромжлолын хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ? сэтгүүлчдэд учирч буй дарамт, шахалт, бусад аюул заналаас сэргийлэхийн тулд хамгийн түрүүнд юу хийх шаардлагатай вэ зэрэг олон чухал асуудлаар үзэл бодлоо илэрхийлэх боломжтой юм. Тиймээс дээрх сэдвүүдээрх хэлэлцүүлэгт оролцож үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл http://www.globeinter.org.mn/media-freedom цахим хаягт бүртгүүлэхэд л болох аж. Онлайн хэлэлцүүлгийн үр дүнг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр буюу ирэх сарын 3-ны өдөр “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага, Монголын сэтгүүлчдийн эвлэл, Хэвлэлийн хүрээлэн хамтран зохион байгуулах “Шинэ дуу хоолой: Хэвлэлийн эрх чөлөө нийгмийн өөрчлөлтөнд хувь нэмэр оруулах нь” сэдэвт дугуй ширээний ярилцлагын үеэр танилцуулах аж. П.Наран      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ