
Өнгөрөгч нэдүгээр сард Дархан-Уул аймгийн XII багийн нутаг дахь шинэ хорооллын 14 дүгээр байранд хийн түлш дэлбэрснээс хойш нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Дэлбэрэлтийн улмаас тус байрны хана шал зарим газартаа цууралт өгсөн тул оршин суугчдийг нүүлгэн шилжүүлж, 30 гаруй өрхийн 100 гаруй иргэний орон гэрийн асуудалд хүндрэл учраад байгаа юм.
Харин энэ хугацаанд мэргэжлийнхэн шинжилгээ судалгаагаа хийж, улмаар тус байрыг сэргээн засварлахаар Дархан-Уул аймгийн Барилгачдын холбооны дарга Сарантуяа захиралтай "Чуулгант", Эрдэнэ-Очир захиралтай "Хаш цамхаг" компани сонгогдон ажлаа эхлүүлэхээр болжээ.
Дэлбэрэлтэд өртсөн тус байрны долоогоос дээш давхрын цууралт өгсөн хана бүрийг буулган шинээр багана босгон ханыг шинээр барих хэрэгтэй гэдгийг холбогдох албаныхан мэдэгджээ. Одоогоор яг хэдэн айлын орон сууцыг сэргээн засварлах болон хэдий хэмжээний хөрөнгө сэргээн засварлах ажилд зарцуулагдах вэ гэдэгт хариулт өгөх боломжгүй байгаа аж. Сэргээн засварлах ажил үндсэндээ өнөө маргаашгүй эхлэхээр хашаагаа хатган ажлаа эхэлсэн байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ