
Авсрали улсаас манай улсад суугаа элчин сайд Сам Геровичийг Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт хүлээн авч уулзжээ.
Элчин сайд Сам Герович “Уул уурхайн салбарын боловсон хүчнийг бэлдэх асуудалд түлхүү анхаарах болно. Мөн манай Засгийн газраас 13 орныг хамарсан уул уурхайн салбарт томоохон дэмжлэгийг хэрэгжүүлэхээр бэлдэж байна. Үүнд бид уул уурхайн судалгааны төв дээр түшиглээд өөрсдийн арвин туршлагаасаа хуваалцахаас гадна, мэргэжлийн туслалцаа үзүүлэх юм. Тогтвортой хөгжилд уул уурхайн бодит туслалцааг ашиглах талаар туслана" гэжээ.
Харин сайд Д.Зоригт " Мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх асуудалд зөвхөн яам гэлтгүй, салбарын бүх байгууллагууд болох Байгаль орчны яам, Мэргэжлийн хяналтын газар, төрийн бус байгууллагууд гэх мэтээр хамрах нь зүйтэй гэж үзэж байна. Түүнчлэн Засгийн газраас уул уурхайн салбарын хөгжилд орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх талаар бодлого барьж байгаа бөгөөд орон нутгийн бизнесийг дэмжих, хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал" байгааг онцлов.
Дашрамд дурдахад, Авсрали улсын 42 компани Улаанбаатар хотод суурин ажиллаж байгаа бол 100 гаруй аж ахуйн нэгж манай оронд үйл ажиллагаа явуулах сонирхлоо илэрхийлээд байгаа бөгөөд эдгээр аж ахуйн нэгж туслан гүйцэтгэх болон үйлчилгээний гэх мэт өргөн хүрээг хамарч байгаа аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ