
Тайландаас Хонконгийн чиглэлд нисч явсан СХ712 онгоцыг Филиппиний амиа золиослогч барьцаалж унагах оролдлого хийхэд уг онгоцоор зорчиж явсан З.Буяннэмэх хэмээх Монголын бизнесмэн залуу түүнтэй тэмцэлдэн онгоц унагаах ажиллагааг нь зогсоож зорчигчдын амийг аварсан тухай мэдээлэл гарсан. Түүнийг дөнгөж сая Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хүлээн авч уулзан, Монгол Улсын Засгийн газрын талархал, дурсгалын зүйлээр шагнасан юм. Түүнтэй энэ үеэр уулзаж, цөөн асуултад хариулт авлаа.
-216 зорчигчийн амь насыг аварсанд баяр хүргэе. Тухайн үед ямар зүйл болсон талаар яриач?
-2012 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн Тайланд-Бангконг-Хонконгийн чиглэлийн СХ712 дугаартай нислэгээр эх орон руугаа ниссэн. Онгоц буухаас 20 гаруй минутын өмнө амиа золиослогч онгоцны аюулгүйн хаалгыг нээхийг оролдож байхыг харсан. Ингээд тэр хүнийг араас нь боож унагаж, аюулгүй болгосон.
-Тухайн үед ямар сэтгэгдэл төрж байв?
-Ямар нэг зүйл бодогдоогүй. Онгоцны эмэгтэй үйлчлэгчид орилолдохоор нь аюулгүй хаалга руу харсан. Тэр агшиндаа л урагшаагаа ухасхийж гэмт этгээдийн үйлдлийг таслан зогсоосон. Би онгоцны аюулгүйн хаалганаас хоёр суудлын цаана сууж байсан болохоор гэмт үйлдлийг таслан зогсооход ойрхон байсан юм.
-Онгоцонд нэлээд олон зорчигч явж байсан гэсэн. Танаас бусад нь амиа золиослогч онгоцыг унагахаар хаалга онгойлгохыг завдаж байхад хөдлөөгүй юм уу?
-Онгоц буусны дараа 216 зорчигч явж байсныг мэдсэн. Тухайн этгээд Филлипиний иргэн гэдгийг мөн тэгэхэд мэдсэн. Гэмт этгээдийг унагасны дараа онгоцны үйлчлэгчид болон солонгосын нэг иргэн туслаж, цагдаад мэдэгдсэн. Тэд гэмт этгээдийг цагдаад хүргэж өгөх хүртэл хамт байсан.
-Амиа золиослогч этгээд уг онгоцыг унагах даалгавар авсан байсан гэсэн мэдээлэл гарсан. Танд энэ талаар ямар мэдээлэл байна вэ?
-Би тийм зүйл мэдээгүй. Тэр этгээдийг ямар зорилгоор ийм зүйл хийснийг цагдаагийнхан тогтооно байх. Тэндхийн цагдаа нар надтай холбоотой бүх мэдээллийг авсан эргэж холбоо барина гэсэн.
-Авиа компанийн зүгээс таныг шагнаж урамшуулсан гэсэн?
-Насан туршдаа үнэгүй нисэх эрхийн бичгээр урамшуулсан.
-Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс танд талархал илэрхийллээ. Үүнийг та хэрхэн хүлээн авч байгаа вэ?
-Монгол Улсын иргэнийхээ хувьд хийх ёстой зүйлээ хийлээ. Би ямар нэг зүйл горилж ийм зүйл хийгээгүй. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн намайг хүлээн авсанд баярлаж байна.
-Та албан ажлаар явж байсан уу?
-Би Тайланд руу эмчилгээнд явдаг юм. Ээлжит эмчилгээгээ хийлгээд буцаж байхад ийм зүйл тохиолдлоо.
-Таныг ирэхэд олон нийт ингэж хүлээж авлаа. Гэр бүлийнхэн чинь энэ болсон зүйлийг хэрхэн хүлээж авсан бэ?
-Бүгд л баяртай байгаа.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ