
Хагас сарын турш “Анх удаа манай улсад классик жааз хөгжимчдийн хамтарсан концерт болно” гэсэн мэдээ хэвлэлүүдээр цацагдсан. Нэр нь “Strangers in the night”. Удаан хүлээлгэсэн тоглолт өнгөрсөн баасан гаригт “Тусгаар Тогтнолын Ордон”-ы их танхимд боллоо. Үүнийг “Hotspot” хамтлагийн ахлагч, дуучин Н.Наранбаатар найруулсан бөгөөд өөрөө гол баатар нь байсан юм. Энэ нь түүний бие даасан анхны тоглолт.
Анхны бүхэн догдлол, баяр баясал, сандрал гээд юм юмаар дүүрэн. Энэ тоглолт ч тийм мэдрэмжийг үзэгчдэд төрүүлж байсан. Гэхдээ Н.Наранбаатар түүнийгээ ил гаргасангүй. Харин ч тайзан дээр чөлөөтэй байж чадсан юм. Дуулахаас гадна хөгжөөнтэй зүйл ярьж, тоглолт л гэхээр илүү дутуугүй тогтсон хөтөлбөрөөс гажихгүй албаны байдаг гэсэн сэтгэхүйг эрс өөрчилсөн юм.
Тоглолт үзэхээр ирсэн хүмүүст “Hotspot” хамтлагийн бие даасан анхны цомгийн анхны худалдан авагч болох боломжийг олгож байв. Мөн ирсэн зочдыг амттай дарсаар дайлж эхлэхээсээ л халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлсэн байлаа. Үзэгчдийг ажиглавал олонх нь залуу хос. Шуудхан хэлэхэд их хотын дэгжин залуус цугласан байлаа. Үүгээрээ тэд сонгодог урлаг, жааз хөгжим сонирхлыг нь илүүтэй болсныг илтгэж байв.
Тоглолт 19:00 цагаас эхлэх байсан ч 45 минутын дараа хүсэн хүлээсэн мөч ирсэн юм. Гэрэл унтарч хөшиг нээгдэхэд үүлэн сүүдэр чөлөөлөгдөх мэт тайзны гэрэл үзэгчид рүү нэвт шингэнэ. Дуучин Н.Наранбаатар Майкл Бублегийн “Feeling good” дуугаар тоглолтынхоо салхийг хагалав.
Тайз засалтын хувьд тун ч тансаг болжээ. Гэрэлтүүлэг, утаа, салют гээд бусад чимэглэлээр жинхэнэ “зодсон” гэхэд болно. Үзэгчид “Залуу хүн ийм тоглолт найруулж, хийнэ гэдэг амаргүй даваа. Их зоригтой алхам байлаа. Түүнд амжилт хүсье” хэмээж байсан.
БҮСГҮЙЧҮҮД ЦЭЦГЭЭР ДАРАХААР ШИЙДЖЭЭ
Н.Наранбаатар тоглолтын турш тайзан дээр энгийн, чөлөөтэй байдлаа гээсэнгүй. Үзэгчдийн дунд суугаа хэд хэдэн залууг “Тайзан дээр гараад ир. Хамтдаа дуулъя. Эсвэл намайг бүжигчин бүсгүйчүүдтэй хамт бүжиглэж байгааг хараад атаархсандаа миний хүсэлтийг хүлээж авахгүй байна уу. Заримынх нь харцнаас тийм байдал ажиглагдаж байна шүү” хэмээн үзэгч залуусыг цаашлуулаад авна билээ.
Түүнд зориулан цэцгийн баглаа авчирсан бүсгүй олон байлаа. Тэдний дунд найзуудаас нь гадна үл таних эмэгтэй ч байна хэмээж байсан. Гэхдээ тэрбээр бүгдэд нь тэрхүү цэцэг шиг гэгээлэг, аз жаргалтай амьдрах ерөөлийг дэвшүүлсэн. Цэцгийн баглаа барьсан бүсгүйчүүдийн араас сагс дүүрэн цэцэг барьсан нэг эмэгтэй тайзнаа гарч ирэв. Н.Наранбаатар ч талархан түүнийг үнсээд цэцгийг нь хүлээн авахдаа сагсан дотор нь байсан дугтуйтай зүйлийг хараад “Энэ юу вэ. Мөнгө үү. Хэдэн төгрөг байгаа вэ” хэмээн үзэгчдийг инээлгэв. Үүний дараа дахиад л сагстай цэцэг барьсан бүсгүй тайзан дээр гарчихсан зогсч байв. Ер нь бол түүнийг энэ үдэш бүсгүйчүүд цэцгээр дархаар шийдээ юу гэлтэй байлаа.
ЭЭЖ НЬ ТҮҮНИЙ БҮТЭЭЛИЙГ ГУРВААР НЭМЛЭЭ
Н.Наранбаатарын ээж түүний уран бүтээлийг маш их дэмждэг юм билээ. Тоглолтын дараа уулзаж сэтгэгдлийг нь сонсоход “Би өнөөдөр хүүгээрээ маш их бахархаж байна. Энэ олон хүн тоглолтыг нь үзээд сэтгэл хангалуун гарч байгааг харах сайхан байна. Манай гэр бүлээс энэ хүү маань л урлагийн хүн болж байгаа юм. Дуучин мэргэжил сонгосон нь алдаагүй юм байна” хэмээж байсан. Тоглолтын үеэр ээж нь Н.Наранбаатарт гурван дууны шүлэг гардуулсан. Үүнийг яруу найрагч Д.Ган-Очирт захиалж бичүүлснээ үзэгчдэд дуулгасан. Харин үүнийг Н.Наранбаатар мэдээгүй байсан тул том бэлэг болж чадсан. Ээждээ “Тун удахгүй дуу болгож, үзэгч, сонсогч олондоо хүргэнэ ээ” хэмээн амлалт өгсөн.
Ц.ХУЛАН ҮЗЭГЧДИЙГ ГАЙХАШРУУЛЖ ЧАДЛАА
Н.Наранбаатарын сонгодог жаазын “концертын” хөтөлбөрт 23 номер багтжээ. Өөрөө ганцаарчилж 13 дуу дуулсан бол дуучин Ц.Хулан, “Киви” хамтлагийн Ука, “Nature sound”-ын Б.Солонго, Э.Номин болон “Hotspot” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ ая дуугаа өргөсөн юм. Тэднээс Ц.Хуланг үзэгчид ихэд таалж байгаа нь алга ташилтаас анзаарагдсан. Тэрбээр Н.Наранбаатартай хамтарч “What a wonderfull world” ганцаараа “Fly me to the moon” дуугаар энэ тоглолтын гялалзсан том шигтгээ болж чадсан юм.
Түүний дараа “Киви” хамтлагийн ахлагч Ука Н.Наранбаатартай хамтарч “Something stupid” дуугаар үзэгчдэд бэлэг барив.
Тоглолтыг дан гадаад дуугаар “зодоод” байхгүйг хичээжээ. Н.Наранбаатар хамтлагтайгаа “Дурлал хайрыг минь”, “Sexy чи минь” зэрэг дуу хүргэсэн. Гэвч зарим үзэгч тус хамтлагийн “Ариунаа” дууг нь сонсохыг хүссэнээ илэрхийлсэн ч дуулаагүй. Учир нь тэд үзэгчдийн гэнэтийн хүсэлтийг тооцоолоогүй бололтой. Цаг хагас үргэлжилсэн тоглолт үзэгчдэд уйдах зав өгөөгүй.
ХӨГЖИМЧИД, БҮЖИГЧИД ҮЗЭГЧДИЙГ АЛМАЙРУУЛАВ
Аливаа тоглолт амжилттай болох эсэхийг шийддэг хүчин зүйлүүд нь яах арга үгүй хөгжимчид, бүжигчид. Энэ тоглолтыг үзэж суухад тийм бодол өөрийн эрхгүй төрж байв. Хөгжимчдийн хувьд “Баян Монгол” чуулгын “Jazz big band” хамтлаг, Улсын филармонийн оркестр, утсан хөгжмийн уран бүтээлчид байв. Харин бөмбөрчин нь рок попчдын өмнөө барьдаг “Никитон” хамтлагийн бөмбөрчин Золбоо байсан бол төгөлдөр хуурч Н.Ариунаа гоцолж байлаа. Басс гитарчин Мөнхөө, гоцлол гитарчнаар Хосоо. Харин бүжигчдийн хувьд “Star dance” цэнгээт бүжгийн хамтлагийн бүжигчид уран чадварлаг үзүүлбэрүүдээрээ үзэгчдийг алмайруулж чадав.
Хүндэтгэлийн суудалд гавьяат жүжигчин Б.Дашдондог гэргийн хамт, “Харанга” хамтлагийн гитарчин, хөгжмийн зохиолч Ц.Чулуунбат, аранжровшиг Н.Халиун, ая зохиогч Б.Ангирмаа нар тухалсан байв.
Тоглолтын төгсгөл хэсгийг хөтлөх үүрэг хүлээсэн жүжигчин Э.Ууганбаяр нийт уран бүтээлчдийг үзэгчдэд танилцуулахын зэрэгцээ “Амь насаа үл хайрлан Тусгаар тогтнолын ордонд хүрэлцэн ирсэнд тань баярлалаа. Гарахад тань уриа лоозон барьсан этгээдүүд зогсож байх вий. Тэднээс аль болох холуур явж хариарай” гэв. Учир нь энэ өдөр урьд шөнийн үйл явдлын үргэлжлэл Төв талбайд өрнөж жагсаал болж байсан тул ийн сэрэмжлүүлсэн биз.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ