Шведийн нийслэл Стокгольмын дагуул хот Юурдбрудын нийтийн хоолны үйлдвэрт тус хотын хууль сахиулах албаныхан шалгалт хийж гадаадын 32 иргэнийг баривчилж саатуулжээ. Уг баривчлагаанд хэд хэдэн монголчууд өртсөн талаар тус улсын “Aftonbladet” сонин өнөөдрийн дугаартаа нийтэлжээ.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар “Eat Food Factory Europe AB” хэмээх уг үйлдвэр нь Шведийн агаарын тээврийн Sas компани, SJ төмөр зам, Coop, “Lidl” зэрэг хэмээх томоохон сүлжээ дэлгүүрүүдэд бутерброд, хөнгөн зууш бэлтгэж нийлүүлдэг бөгөөд энэ салбартаа Скандинавт томд ордог үйлдвэр ажээ.
Цагдаагийнхны ярьсанаар, баривчлагдсан хүмүүс үйлдвэрийн ажлын нөхцөл туйлын муу байдаг талаар гомдоллож байсан байна. Харин үйлдвэрийн эзэн, тэднийг хууль бус цагаачид гэдгийг мэдээгүй, үйлдвэрийн ажиллагаа Шведэд мөрддөг бүхий л стандартад нийцдэг байсан хэмээжээ.