
Цагдаагийн экс дарга нар болох хошууч генерал Ч.Амарболд, хурандаа Ш.Батсүх, дэд хурандаа Г.Ганбаатар, дэд хурандаа О.Зоригт холбогдох шүүх хурал өнөөдөр Цагдан хорих төвд 10.00 цагаас эхэлнэ. Тэдэнд холбогдох өмгөөлөгч томилох шүүх хурал энэ сарын 16-ны өдөр Цагдан хорих төвд болж шүүхийн захирамжаар Өмгөөлөгчдийн холбооноос хошууч генерал Ч.Амарболдод өмгөөлөгч Б.Батхуягийг, хурандаа Ш.Батсүхийг Л.Даваасүрэн, дэд хурандаа О.Зоригтийг Ж.Энхтуяа, дэд хурандаа Г.Ганбаатарыг Т.Баярсайхан эрхзүйн туслалцаа үзүүлэхээр албадан томилсон билээ. Шүүх хурлын үеэр шүүгдэгч нар “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36.3.3. өөрийгөө өмгөөлөх, энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч өмгөөлөгчөө өөрөө сонгоно” гэсэн заалтыг зөрчиж байна.
Тиймээс өмгөөлөгчөөсөө татгалзах хүсэлтэй байна. Шүүхээс ямар тохиолдолд өмгөөлөгчийг томилох вэ гэдгийг маш тодорхой хуульд заасан. Тухайлбал цаазын ялтай шүүгдэгч, хараагүй дүлий, насанд хүрээгүй хүүхдэд шүүхээс өмгөөлөгч томилдог. Харин бидний холбогдсон хэрэгт өмгөөлөгч томилох шаардлагагүй. Эрүүл мэндийн байдал муу байгаа тул таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү” гэсэн хүсэлтийг уламжилсан ч бүрэлдэхүүнд хүлээн аваагүй юм.
Томилолтын өмгөөлөгч нар ч тэднийг шүүгдэгч нарын өмгөөлөгчөө сонгох хүсэлтийг нь хүндэтгэн үзэж тэднээс татгалзаж байгаагаа илэрхийлсэн. Үүний дараа улсын яллагч Ч.Уртнасан ч шүүгдэгч нарыг өмгөөлөгч сонгох эрхтэй гэдэгтэй нь санал нэг байгаагаа илэрхийлсэн юм. Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагчийн санал хүсэлтийг сонссоны дараа 20 орчим минут зөвлөлдөж шийдвэрээ гаргасан.
Хурал даргалагч шүүгч Ч.Хосбаяр шийдвэрийг танилцуулахдаа”Шүүхийн захирамжаар өмгөөлөгч томилсон ч та бүхний аль ч эрхийг зөрчөөгүй. Өмгөөлөгчөө сонгох эрх чинь нээлттэй байсан. Сонгоогүй учраас төрөөс та бүхэнд өмгөөлөгч сонгож өглөө. Нэмж өмгөөлөгч авч болно. Өмгөөлөгчдийн хувьд дараагийн шүүх хуралдаан хүртэл 3 хоногт багтан хавтаст хэрэгтэйгээ танилцаарай. Шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгч, шүүгдэгч нарын татгалзсан хүсэлтийг хангахгүй. Мөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхгүй. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хорих ангидаа авах боломжтой учраас үргэлжлүүлэн хорино” гэсэн юм.
Ийн шүүх бүрэлдэхүүн цагдаагийн экс дарга нарт холбогдох хэргийн шүүх хурлыг өнөөдрийг хүртэл өдрийн хойшлуулж, шүүгдэгч нарыг үргэлжлүүлэн хорих шийдвэрийг хэвээр үлдээж, Өмгөөлөгчдийн холбооноос томилж өгсөн өмгөөлөгч нарыг уг хэргийг өмгөөлөл үзүүл гэсэн шийдвэрийг гаргаж байв.
Хойшилсон шүүх хурлын үеэр өмгөөлөгч Ж.Энхтуяа бүрэлдэхүүнд хандан”Шүүгдэгч нарын өмгөөлөл авах эрхийг зөрчиж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Бид гуравхан хоногийн дотор хавтаст хэрэгтэй яаж танилцаж амжих юм бэ. Тэгээд ч хуульд зааснаар шүүгдэгч өөрөө өмгөөлөгчөө сонгох эрхтэй байтал томилгооны өмгөөлөгчөөс татгалзах хүсэлтийг нь хүлээн авахгүй байгаа нь ямар учиртай юм бэ” гэсэн асуудлыг тавьсан боловч шүүгчид нэгэнт шийдвэр гарсан тул гомдол байвал дээд шатны шүүгчид гаргах эрхтэй гэснээр тэр өдрийн хуралдаан дууссан . Хуралдаанд шүүгчээр Ч.Хосбаяр, М.Алдар, С.Оюунчимэг, улсын яллагчаар С.Хишигжаргал, Ч.Уртнасан нар оролцлоо. Ийн анхан шатны шүүхэд дөрвөн удаа хойшилсон цагдаагийн хуучин дарга нарын гэм бурууг өнөөдөр хэлэлцэнэ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ