Ирэх сонгуулийн санал хураалтад Францын “Жемальто” компанийн бэлдцээр хийсэн цахим үнэмлэх ашиглахаар тооцож байгаа ч СЕХ-ны оруулж ирсэн машин уншиж чадахгүй байна. Иймээс үнэмлэхний чип, уншигч машины программ хоёрыг уялдуулах үүднээс АНУ-ын “Датакарт” компанийн машинаар хийж байгаа цахим үнэмлэхний ажил зогсоод байгаа юм. Энэ асуудал сунжирвал сонгуулийн хугацаанд сөргөөр нөлөөлж болох талтай. Автомат машины программ хангамжийн талаар Дээд судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Л.Бямбажаргалтай ярилцав. Тэрээр Эрхүүгийн Улсын их сургууль төгссөн, онолын физикч хүн.
-Сонгуулийн санал хураалтыг автоматжуулна гэж ярьсаар байгаад цагаа тулахаар гацаанд орчихоод байна. Гадаадаас авчирсан үнэ цэнэтэй техник хэрэгслийнхээ ид шидийг үзэж чадах найдвар байна уу?
-Би олон жил компьютерийн программ зохиосон хүн. 1987 онд миний авчирсан программыг Статистикийн төв газар, Цаг уурын газрын ЕS 1040 гэдэг машин л уншдаг байсан. Түүнээс хойшхи бүх үйлдлийн системийн зарчмыг мэднэ. Хамгийн сүүлийн үеийнх нь Andriod 4.0 гэж байна ш дээ. Би дэлхийн программ хангамжийн зах зээл дээр өрсөлдөж, захиалга авч амьдардаг. Тэгэхээр программ хангамж гэж чухам ямар технологи байдаг вэ гэдгийг сайн мэднэ. УИХ-ын гишүүдээс хамгийн сайн мэдэх хүн бол Д.Энхбат, манай З.Энхболд байна. Бусад нь хэрэглэгч болохоос мэргэжилтнүүд биш, тиймээс сайн мэдэхгүй.
“Бодь интернэшнл” компани ухаалаг үнэмлэх оруулж ирсэн. Гэтэл ухаалаг бус технологи оруулж ирсэн СЕХ хоёрын хооронд зарга үүсээд байна ш дээ. Үүнээс болоод алдаа гарвал хэн хариуцах юм бэ гэсэн чинь СЕХ-ны дарга Н.Лувсанжав гуай цаад компани нь гэж байналээ. Тэгэхээр Монгол Улсын төрийн хувь заяаг гадны нэг нөхрийн зохиосон программ шийдэх болж байна. Дэлхийн программын зах зээл дээр гол өрсөлдөгч нь Энэтхэг, сүүлийн үед Пакистан орж ирж байгаа. Америкт программ бичдэг мэргэжилтэн ховор. Африкийн нөхрөөр ч захиалгаар хийлгэж байж магадгүй.
Ямар ч байсан Монгол Улын Их Хурлын сонгууль хугацаандаа явагдах ёстой. Бүх нөөц бололцоогоо шавхаж явуулах үүргийг төр хүлээсэн. Гэтэл өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш иргэний үнэмлэх олгоогүй. Миний санаж байгаагаар жилд 40-50 мянган хүүхэд төрдөг. Энэ жилийн 18 настнууд гэдэг чинь ерээд оны хүн амын өндөр өсөлтийн үед төрсөн хүүхдүүд. Тэд цахим үнэмлэх хүлээгээд цагаан хуудастай л явж байгаа. Тэгэхээр 20 мянга гаруй хүүхэд сонгуульд оролцож чадахгүй байж магадгүй. Мөн үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн иргэдийн тодорхой хэсэг нь иргэний бичиг баримтгүй байна. Харин Чөлөөт ахмадын холбооны дарга Г.Баасангийн хэлснээр болохгүй бол “Хүний хөгжил” сангийн дэвтрийг үндсэлж санал өгөх гэдэг нь арай шударга байж магадгүй. Банк бол бизнесийн байгууллага учраас луйвардуулахгүй.
Одоо сонгуулийнхаа товыг зарлаад өмнө нь ямар ажил хийх ёстой юм, ямар бэрхшээл байна, бүгдийг нь тооцоод бэлтгэх хэрэгтэй. Сонгуулийн санал хураах, тоолох ажлыг автоматжуулах иж бүрдэл доторхи сонгогчдын мэдээллийн сантай компьютер, санал тоолох машин, цахим үнэмлэх унших төхөөрөмжөөс бусад хурууны хээ таних гэх мэт хуульд заагаагүйг нь болих хэрэгтэй.
Хөдөө орон нутагт сонгуулийн хэсгийн байр гэдэг маань туг хатгасан нэг л гэр ш дээ. Нэг сум дунджаар сонгуулийн гурав дөрвөн хэсэгтэй Энд компьютер техник хэрэгслийг ажиллуулахын тулд “Хонда” мотор асааж таарна. Суманд компьютер мэддэг хүн гэвэл Word дээр захиа бичиж чаддаг хүнийг л хэлнэ. Аймаар мундаг нь гэвэл интернэтэд ороод Yahoo-гоор чааталж чаддаг байх жишээтэй. Ингэхээр мэргэжилтнээ одооноос бэлтгэ. Компьютер гацвал “Уучлаарай, та нар саналаа өгч чадахаа байлаа” гэх үү. Энэ мэтээр иргэд саналаа өгч чадахгүйд хүрвэл яах гээд байгаа юм. Энэ бүхнийгээ ил тод ярьж шийдэхийн оронд яаж ийж байгаад чадахгүй, бүтэхгүй гэсэн ойлголт байхгүй ёсгүй.
Буруу жишиг тогтох юм бол дараа нь гадны нэг компани манай пограмм лаг гэж хэлээд сонгуулийн үеэр гацаавал яана. Америкчууд ингэж зөвлөдөг л дөө. Ажлаа хойноос нь төлөвлө гэж. Зургадугаар сарын 30 гэхэд УИХ-ын сонгууль явагдсан байх ёстой. Сонгуулиас ядаж долоо хоногийн өмнө сонгогчид иргэний үнэмлэхээ авсан байх ёстой. Сонгуулийн тоног төхөөрөмжүүд бэлэн байх ёстой. Ажиллуулдаг хүмүүс нь бэлтгэгдсэн байх ёстой гэдэг зарчмаар ажлаа явуулахгүй бол эргээд л шалтаг заагаад байх уу. Д.Энхбат гишүүний хэлснээр Б төлөвлөгөө боловсруулах ёстой байхгүй юу. Компьютер, программ хангамжийн чиглэлээр суралцаж байгаа сайн дурын 3000 оюутан элбэг олдоно. Тэднийг сургалтад суулгаж, “Хонда” мотороо асаахаас эхлээд компьютер, тоолох машин гацвал яах вэ гэдгийг зааж сургах хэрэгтэй. Нэг хүнийг нэг иж бүрдэлтэй уячих, за дүү минь чи арав асаагаад арав унтраагаад бай гэж. Зуун автомашин оруулж ирэхэд нэг нь араандаа орохгүй гэх мэт гэмтэл гардаг. Улаанбаатарт тогтмол гүйдэлд ажилласан мөртлаа хөдөө хэлбэлзэлтэй гүйдэлд ажиллахгүй байж болно ш дээ. Бүгдийг нэг бүрчлэн эхнээс нь шалгаж үзэх хэрэгтэй. Амжихгүй гэдэг шалтаг байх ёсгүй. Тэгж шалгахгүй бол Хэнтийн Галшарт нэг компьютер ажиллахгүй байвал сонгууль гацах хэрэг үү. Олон удаа туршиж дадлагажуулах нь чухал. Ядаж л энгийн тест боловсруулах хэрэгтэй. Бүх тоног төхөөрөмжийн нийлбэр хүчин чадал нь хэдий хэмжээтэй юм бэ. Хэдэн Вт-ын хүчдэл хэрэглэх вэ. Цахилгааны хэлбэлзлийг хэр зэрэг даадаг бол. Хэсэг болгон дээр ажиллах иргэний шинэчилсэн бүртгэлийн мэдээллийн санг агуулсан компьютер ямар хүчин чадалтай байвал тохиромжтой вэ гэх мэт. Цахим үнэмлэхний хийц гээд байгаа чипийг шалгаад үз. Цахим үнэмлэхээ уншуулахад ядаж “Миний дэлгүүр”-ийн карт шиг хүний овог, нэрийг нь таньдаг юм байгаа биз дээ. Дараа нь иж бүрдэл ажилладаг юм байна гэж бодъё.
-Зарим дарга нар шалтаг тоочоод барахгүй шинжтэй байна. Автомат машин гэдэг чинь хэр баргийн хүний мэдлэг чадвар дутахаар тийм айхавтар эд үү?
- Шалтаг тоочоод байвал иргэдийн дунд сонгууль ер нь болох юм уу гэсэн эргэлзээ төрж байна. Болдог юм болдгоороо л болно. Хоёр бөх барилдахад нэг нь унадаг биз дээ. Ялагдсан тал нь сонгуулийг хуулийн дагуу явуулаагүй ш дээ гэдэг гомдол гаргуулахгүйн тулд хуулиа хэрэгжүүлэхэд л анхааръя. УИХ, Засгийн газар хоёрын нэг л юманд би гайхаад байна. Хуулиа засъя гэдэг. Зургадугаар сард биш, аравдугаар сард явуулъя ч гэдэг юм уу. УИХ-ын сонгуулийн цаана улс орны эрх ашиг байна, аймагт аймгийн, суманд сумын эрх ашиг л байдаг. Сумынхан хоорондоо хэнийгээ сонгохоос болоод төрийн бодлогыг гацааж болохгүй ш дээ. Манайх арай жаахан тохиромжгүй арга сонгочихсон юм шиг байна. Азийн буурай орнуудад сонгуулийн хэсгийн хороо саналын хуудас тоолдоггүй. Зөвхөн сонгогчдын саналыг авч, хуудсаа хурааж битүүмжлээд тойргийн хороонд явуулдаг. Ерөнхий боловсролын шалгалтыг аймагт авдаг, тэгээд материалыг компьютерээр хорин хэдхэн газар уншуулж, эцэст нь нэгдсэн цахим дүн бүртгэлд оруулдаг шиг. Гэтэл хэсгийн хороонд санал тоолох эрхийг нь өгчихсөн. Харин орон нутгийн сонгуулийн хуудсыг машинаар тоолно гэвэл техникийн ямар ч бололцоо байхгүй. Ойрлцоогоор 20-30 мянган хүн нэр дэвшинэ ш дээ. Нэг сумын Иргэдийн хурал 30 орчим төлөөлөгчтэй, нэг мандатад гурван нэр дэвшигч өрсөлдөнө гэвэл 20 мянга орчим хүний асуудал. Тэртэй тэргүй орон нутгийнхан бие биеэ танина. Саналаа дахиад өгч байна уу, үгүй юу. Өөрсдийнх нь хувь заяа учраас яс хянана. УИХ-ынхад бол жалгын үзэл гаргах талтай учраас автомат тоологч найдвартай.
-Манай улсын сонгуульд ашиглахад тохиромжтой машин техник, программ хангамж мөн үү, биш үү гэдгийг ядаж урьдчилаад багцаалах боломж байхгүй юу. Ямар нэг шинжээч ажиллуулж болдоггүй юм уу?
-Компьютерийн программ ойлгомжтой байх ёстой. Ямар технологиор ямар программ хийгээд байгаа нь мэргэжлийн хүнд мэдэгдэхгүй байна ш дээ. Программ гарт баригдаж, нүдэнд үзэгдэж барин тавим мэдэгдэхгүй учраас хөндлөнгийн шинжээчид шалгаж үзэх хэрэгтэй. Манай Монголын программистууд мундаг ш дээ. Мэргэжилтэй боловсон хүчний нөөц байна, улстөржүүлэх шаардлагагүй. Цахим үнэмлэх, түүнийг уншдаг төхөөрөмжийг хоёр өөр газар оруулж ирсэн учраас өөр өөрсдийгөө л зөвтгөнө. Иймээс Ерөнхийлөгч, эсвэл Иргэний зөвлөлөөс ч юм уу санаачлаад хөндлөнгийн шинжээчдийн баг байгуулъя. Хоёрхон зарчим байдаг. Багт ашиг сонирхлын огт зөрчилгүй, эсвэл бүр их зөрчилтэй талуудыг оролцуулах. Бүх улс төрийн намаас төлөөлөгч томилоод автомат машин, техник хэрэгслийг үзэж шалгахад ойлгомжтой болно биз дээ. Чиний ухаалаг үнэмлэх ийм байна. Үүнийг нь энэ машин танихгүй байна гэх мэтээр. Тэгж байж гэмээ мэдэхгүй юм бол эцэст нь программ зохиосон Африкийн нэг нөхрөөс Монгол Улсын сонгуулийн дүнг будлиантуулсан ял асуух аргагүй биз дээ. Бурууг нь хэн хариуцах юм. Хэн ч хариуцахгүй ш дээ.
Цахим үнэмлэхний бэлдэц миний ойлгосноор сүүлч нь зургадугаар сарын дөрвөнд ирнэ гэсэн. Хоногт хоёр машин саадгүй ажиллахад 10 хоногт 480 мянгыг хэвлэнэ. Хагас сая хүн буюу нийт сонгогчдын гуравны нэгт нь аравхан хоногт тараана гэдэг амаргүй. Цахим үнэмлэхээр сонгууль явуулахаа больё гэвэл хуулиа зөрчинө. Цахим үнэмлэхийг яаралтай хэвлэх хэрэгтэй. Хүний царайгаар, хурууны хээгээр буюу дүрс таньдаг OCR систем байдаг. Их нарийн юм хийгээд байгаа юм уу, эсвэл “Номин”-гийн бонусны карт уншдаг чип хийгээд байгаа юм уу. Цаадахь программ хангамж гэдэг нь чухам юу байгаа юм бэ гэхээр уг үндэс нь тийм лаг юм биш ш дээ. Энэ бүхнийгээ ил гаргаад ир л дээ. Ерөнхий боловсролын шалгалтын жар далан бодолттой тест уншуулахад зургаан цагийн л ажил байдаг. Шалгалаа, ямар ч арга байхгүй, баяртай гүйцээ. Тэрэн шигээ манай компьютер энэ байна, ийм юм уншдаг гээд ил тод танилцуулбал тодорхой болно. Сонгууль өгөхөд иргэдээс ямар мэдээлэл авах гээд байгаа юм бэ. Ухаалаг үнэмлэх дээр ямар ч мэдээлэл багтааж болно. Би “Жемальто” компанийг мэднэ, дэлхийд дээгүүрт ордог. Уншдаг машин маань юу унших гээд байгаа юм бэ гэхээр сонгогч нэрсийн жагсаалтад байна уу, сонгуульд саналаа өгч үү гэсэн үндсэндээ хоёрхон үүрэгтэй. Үүнээс өөр юм уншихгүй ээ гэвэл ойлгомжтой. Картны эзэн мөн эсэхийг хурууны хээгээр тодорхойлно.
-Саналын хуудас тоологч машин маань цаасаа голж шилнэ биз дээ. Тусгай шаардлага хангасан үнэт цаас шиг байх ёстой юу. Программыг нь хакердаад баллачих эрсдэл гарах боломж бий юү?
-Сонгуульд пропоциональ систем оруулсан болохоор УИХ-д нэр дэвшигчдийн бүхэл бүтэн нэг том хуудсыг орон даяар хэвлэнэ. Бас л эрсдэлтэй алхам. Нэр дэвшигчид нэрээ татвал нэгэнт хэвлэсэн хуудас хүчингүй болно. Тодорхой хоногийн өмнө нэрээ татах эрх хэнд ч байгаа. Гэтэл санал тоолох машин маань ямар цаас таних гээд байгаа юм. Усан хээтэй юү, эсвэл А4 хэмжээтэй бичгийн цаас юм уу. Энэ бүхнийг ард түмэндээ хэлж ойлгуулах хэрэгтэй. Үндсэндээ санал тоолох машин маань сканнер шиг мөртлөө мөнгө шалгадаг машин шиг ажиллагаатай. Гэтэл манайхан нэг болохоор лаг юм шиг, нэг болохоор таг юм шиг яриад, маргалдаад байдаг. Хамгийн гол нь сонгогч саналаа давхар битгий өгөөсөй, саналыг үнэн зөв тоолоосой, сонгуульд аль болох олон иргэд хамрагдаасай. Энэ гурвын төлөө бүгдээрээ нийлээд зүтгэхэд сонгуулийг хугацаанд нь явуулж чадна. Харин хакердах боломж байхгүй, локал буюу тусгаарлагдсан систем учраас. Ямар ч сүлжээ байхгүй. Хуудсаа залгилаа, уншлаа, дууслаа. Хакер макер гэсэн ойлголт байхгүй. Оруулаад л гаргадаг. Машин ямар ч тохиолдолд зөв тоолж чадна гэж итгэж болно. Мэргэжлийн хүний хувьд цэвэр сканнер шиг гэж хэлье дээ. Гэхдээ Монголд зохиогоогүй нь ойлгомжтой.
-Таны хэлснээр нэг энэтхэг ч юм уу, пакистан нөхөр программ зохиожээ гэж бодъё. Будилж мунгинах ямар юм гарч болох бол...
-Баатар гэдэг хүний нэрийн үгийг гаднаас нь харахад латин а, крилл а үсэг хоёр ялгагдах юмгүй. Компьютерийн нүдээр харвал энэ хоёр үсэг чухам хаа хаана байна вэ гэдэг өөр. Эхний аа-г крилл, латинаар нь холиод оруулчихвал компьютерээр хайлгаад гарч ирэхгүй. Би “Британник” дээр ажиллаж байсан. Тэгэхэд Гаага гэдэг хотын нэрийг хайлгаад болоогүй. Тусгай программ хийж бүгдийг шүүсэн. Дээхэн үед нэг хүн хоёр гурван гадаад паспорт авчихдаг байлаа ш дээ. Программын энэ алдаанаас болдог. Бас ө, ү байна. Зохиож байгаа хүн нь монгол крилл үсгийн зарчмыг мэдэхгүй ш дээ. Одоо ер нь зөв бичих дүрэм гэж монгол хэлэнд орохоо байчихсан юм биш үү.
Харин тоологч машин бол санал хураалт дууслаа, кноп дарлаа. Дэлгүүрийн кассын машин шиг дүн нь гараад ирнэ. Саналын хуудсаа бөглөөд дугуйлж машинд хийнэ. Дургүй хүрвэл дуртай үедээ зогсоогоод дүнгээ гаргаад харна. АНУ-д сонгуулийн санал хураалт явагдаж байхад тэр нь тэнд ялж байна гээд зарладаг шүү дээ. Манайхан одоо Сүхбаатарын талбай дээр жагсч байхын оронд саналыг нь өгүүлээд туршиж үзэх хэрэгтэй. Нам болон сайн программистаа дагуулаад ирээ. Ялалтын талбай дээр ч тэгж болно. Сонгуулийн будлиан давхар санал өгөх, санал тоолоход ихэвчлэн гардаг. Тэгвэл мэдээллийн санд шүүлгэснээр манай хэсгийн сонгогч мөн, биш байнаа гэдэг нь гарна.
Сэтгэл эмзэглүүлж байгаа юм гэвэл сонгуулиас сарын өмнө сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг хаачихдаг байлаа. Гэтэл УБЕГ архиваа зарим дүүрэгт зөөж шилжүүлээд, бүтцээ өөрчилж, иргэний бүртгэл мэдээллийн системийг хөдөлгөөд байна. Иргэдэд хүргэх учиртай асар олон цахим үнэмлэх хорооны дарга нарын гар дээр бөөгнөрөх нь. Хагас сая хүнд тараана гэдэг сонгуулиас өмнө амжихгүй ч байж мэднэ. Тэдгээрээс компьютерийн ард сууж байгаа залууг аргалаад санал өгүүлэхийг байг гэхгүй. Машин бол уншаад л хаяна. Хэрвээ хурууны хээгээр таниулахгүй юм бол үнэмлэхний цаана хэн байгаа нь хамаагүй ш дээ. Эрхий хурууг нь танихгүй бол өөр хуруу таниулах юм уу. Сарын өмнө ослоор гараа тасдчихсан байвал яах вэ гэх мэт журмаар зохицуулах асуудал гарч ирнэ. Мөн сонгогчид саналаа нууцаар өгөх ёстой. Саналын дүн тоологч машины санамжид өдөр, цагтайгаа хадгалагдана. Хүсвэл сумын сонгуулийн хэсэг дээр хэн, хэзээ саналаа өгсөн нь бараг тодорхой. Балдангийнхан үдийн дараахан ирсэн дээ гэвэл өмнө, хойно нь саналаа өгсөн хүмүүс цаг хугацааны хувьд зайтай бол ойлгомжтой. Энэ нууцыг яаж хадгалах юм бэ гэдэг нь бас сонирхолтой.
-Та тэр автомат машин, техник хэрэгслийнх нь барааг харсан уу. Зөрчилтэй асуудлуудыг техникийн талаас нь шийдэхэд цаг хугацаандаа амжих болов уу?
-Зарчмыг нь ерөнхийдөө мэдэж байгаа ч барааг нь хараагүй. Сонгуулийн хуулиа баталж гаргачихаад хэрэгжүүлэхгүй шалтаг тоочоод байх нь утга учиргүй хэрэг юм. Ийм жишээ ялангуяа Тавантолгойгоос харагдаж байна ш дээ. Гаргасан хуулийг хэрэгжүүлэхгүй мөртлөө гадаадынхан тэгчихлээ, одоо яах вэ гэдэг. Ерөөсөө Монгол Улсад стратегийн орд гэж юуг хэлэхэв, ямар нөхцөлөөр нэмж тооцохов. Энэ тоог жил болгон АМХЭГ-аас Засгийн газарт, Засгийн газраас энд нэг орд нээгдчихлээ гэж УИХ-д оруулаад хавсралтаар батлах ёстой. Аливаа бизнест хувь, хувьсгал гэж байдаггүй. Зарчмын хувьд хуулиа хэрэгжүүлэх үүрэгтэй.
Би цөмийн энергийн мэргэжлийн хүн. Манайд энэ талаар аягүй чанга хууль гарсан учраас хүлээн зөвшөөрсөн гадныхан орж ирж байна, чадахгүй нь гараад явчихсан. Уучлаарай, Монголын хууль үнэхээр хэцүү юм байна гээд. Өнөөдөр баг зүүчихээд цөмийн энергийн хуулийг хүчингүй болгоё гээд зогсож байгаа хүмүүсийг хараад гайхдаг. Тэд хэний мөнгөөр зогсож байна вэ гэж. Энэ бол эх оронч үзэл биш. Хууль гарсан л бол хэрэгжих ёстой. Тиймээс сонгуулийг төдийд явуулна, түүнээс өмнө төрийн бүх шатны байгууллага яаж бэлтгэл хангах ёстойв, түүнийгээ хэрэгжүүлэх л болно. Энд хариуцлага хүлээх гол хүн нь Хууль зүй, дотоод хэргийн сайд. Гэтэл хууль хэрэгжүүлэх үүргээсээ бултах гээд байна ш дээ. Монгол Улсын төрийн сонгууль гадаадын ямар нэг компани, хэн нэг программистоос болж хугацаандаа явагдахгүй байж яавч болохгүй. Тэгвэл нийгэмд маш буруу жишиг тогтоно.
Х.Ариунбаатар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ