
Дөрөвдүгээр сарын эхээр ханш нээж, хэдэн өдөр налайсан ч төдөлгүй хуйсганаж, урд шөнө цас будрав. Улс төрийн амьдралын өнгийг ирэх сонгуулийн хачиртай хольсон тайлбар нийгэмд газар авсангүй. МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас баривчлан саатуулсан нь хоёр өдөр олныг шуугиулсан ч эгэл бор амьдралд нь ямар ч нөлөөгүй учраас намжив. Цагтаа Монгол Улсын Ерөнхий сайд, парламентын спикер, төрийн тэргүүн байсан хүнийг 300 цагдаагийн хүчээр барьсан нь монголчуудын өрөвдөх сэтгэлийг удаан өөгшүүлсэнгүй. Төрийн машин ажиллаж байна. Авлигын загалмайлсан эцэг гэгддэг тэрээр аалзны торондоо орооцолдсон бол ээдрээг нь тайлах л хэрэгтэй. Харин экс Ерөнхийлөгчийн зангидсан таван намын улс төрийн холбооны толгой эзгүйрч, Н.Энхбаярт дөрвөнтөө ходруулсан ч түүний золиос болж явснаас хамт самарсан нь дээр хэмээн хожуу ойлгосон М.Энхсайхан “Авлигачдыг цээрлүүл” уриагаа тас мартчихаад орыг нь эзлэх нь ээ.
АТГ-ын орлогч дарга Б.Хурц гүйцэтгэх ажлын их туршлагатай, ТЕГ-ын гайгүй залуучуудыг албандаа татаж чадсан гэхэд санаснаас болхи ажиллалаа. Парламентын дөрвөн эрхэм хуучин даргадаа нөөлөг болж очоод хоолойгоо боолгож, буйданд даруулж, шанаадуулсан нь цагдаагийнхан УИХ-ын гишүүний эрхэд халдсан мэт авч “УИХ-ын гишүүн нь өөрийн бүрэн эрхэд үл хамаарах асуудлаар бусад байгууллагын үйл ажиллагаанд оролцох, шахалт үзүүлэхийг хориглосон” хуулийн заалтыг зөрчжээ.
Энэ талаар Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан шүүхээс гадна прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гээд хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтаас гадна эрүү, иргэний процессын хуулиудыг шинэчлэх, боловсронгуй болгох зөндөө ажил байгааг дахин дахин харуулж байна гэв. Ер нь улс төрийн дээд хүрээнд сонгуульд нэр дэвших, болбол хууль тогтоох байгууллагад сонгогдох улайрсан тэмцлийн эхний дөл сүүмэлзэж байна.
Өнөөдөр Монголд алсдаа маш хор уршигтай буруу жишиг тогтож болох хоёр гай нүүрлээд байна. Дөрвөн жилийн алс, эх оронч сэтгэлээр харвал Сонгуулийн хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажил ашиг сонирхлын зөрчилд автаж, чухамдаа зуун задгай байна. Ирэх сонгуулийн санал хураалтад Францын “Жемальто” компанийн бэлдцээр хийсэн ухаалаг үнэмлэх ашиглахаар тооцож байгаа ч СЕХ-ны оруулж ирсэн ухаангүй машин уншиж чадахгүй байна. Үүнээс болоод алдаа гарвал хэн хариуцах юм бэ гэсэн чинь СЕХ-ны дарга Н.Лувсанжав цаад компани нь гэж хээвнэг хариулав. Тэгэхээр Монгол Улсын төрийн хувь заяаг гадаадын нэг компани, харийн хүний зохиосон программ шийдэх болж байна. Иймээс үнэмлэхний чип, уншигч машины программ хоёрыг уялдуулах үүднээс АНУ-ын “Датакарт” компанийн машинаар хийж байгаа цахим үнэмлэхний ажил зогсоод байгаа юм. Энэ асуудал сунжирвал сонгуулийн хугацаанд сөргөөр нөлөөлж болох талтай. Сонгууль болоход хоёр сарын хугацаа үлдээд байхад УИХ, орон нутгийн сонгуулийг зэрэг хийнэ, хийхгүй хэмээн МАНАН-туулж байгаа нь эмгэнэл.
Хоёр дахь гай нь “Айвенхоу Майнз” компани Оюутолгойн төслийг санхүүжүүлэхээр “SouthGobi Resourves”-д эзэмшдэг 57.6 хувиа Хятадын төрийн өмчит “Чалько” компанид худалдах гэрээ хүчин төгөлдөр болоход хоёр долоо хоногийн хугацаа үлдээд байна. Хэрвээ хорт Боб хочит Фрийдланд хувьцаагаа 912 сая ам. доллараар тавиад туучихвал Өмнөговийн Овоот толгой, Сүмбэр, Заг сүүж, Цагаантолгойн нийт 500 сая тн коксжих нүүрсний орд Хятадуудын гарт орно. Уг нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд гадаадын төрийн өмчит компаниудын хөрөнгө оруулалтыг хязгаарлах бодлого баримтлаад байхад бусад орны төрийн оролцоо нэмэгдээд байвал үр дагавар нь юунд хүргэх бол доо. Мөн Хятадын “Чайнолько” групп “Эрдэнэс МГЛ” компанитай Тавантолгойн ордоос гурван жилийн хугацаанд 15 сая тонн нүүрс авахаар гэрээлжээ. Ингээд Монголын Засгийн газарт 250 сая ам.долларын урьдчилгаа төлж, авах нүүрснийхээ 30 хувийг Японы “Иточу”, “Мицуй” групп, БНСУ-ын төрийн өмчит “ Кореа ресурс” корпорацид худалдах юм байна. Урдаас ирээд уурхай минийх, уурхайд ороод нүүрс минийх болсоор Монголын хар алтны үнийг дэлхийн зах зээл дээр хятадууд тогтоож, яг ямааны ноолуур шиг дамлах юм байна л даа.
Саяхан АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг нийтэд мэдээлсэн нь олны сонирхлыг татав. Иргэн баян бол улс баян гэдэг. Банкны хадгаламжийн дансандаа тэрбумаас дээш төгрөгтэй хүн гарын таван хуруунд хэдийнэ дөхжээ. Зах зээлийн жам ёсны хөрөнгө болох томоохон компаниудын хувьцаа эзэмшигчдийн тоо ч нэмэгдсэн байна. Нэг үеэ бодвол төрийн албан хаагчид шударга хөдөлмөрөөр олсноо баталгаажуулах хөрөнгө орлогын мэдүүлгээ шударгаар өгөх ёс зүйн дүрмийг сахиж сурч байгаа бололтой. Энэ нь нийгэм эрүүлжихийн нэг дохио болой.
Хүмүүс ажилдаа явж байна. Жирийн ард олны амьдралыг улс төрийн хов живтэй хутгаж, сонгуулийн босгон дээр 2008 оны долдугаар сарын 1-ний айдас хүйдэс нөмөргөх хэрэггүй. Харин ч монголчууд иргэний эр зоригоороо дэлхийн тэнгэрт гайхуулж, Лондоны олимпийн эрхийг эх орондоо авчирсаар байна. Тайландаас Хонконг руу нисч байсан “СХ” агаарын компанийн онгоцонд явсан монгол залуу З.Буяннэмэх 216 зорчигчтой онгоцыг унагаж алан хядах үйл ажиллагаа явуулахаар завдсан террорист этгээдийг багийн хоёрдугаар нисэгчийн хамт барьж аюулгүй болгосон нь Монголын нэрийг дэлхийд дуурсгав. Манай тамирчид жүдо, чөлөөт бөх, бокс, хөнгөн атлетик, байт харваа зэрэг төрлөөр олимпийн 15 эрх аваад байна.
Х.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ