С.Зориг агсныг мартаагүй 14 жил

Монголын боловсролын салбарын томоохон зүтгэлтний нэг, МУИС-ийн декан, Боловсролын яамны орлогч сайдын албыг хашиж явсан Санжаасүрэнгийн Зориг агсны 50 насны ойн өдөр өнөөдөр тохиож байгаа юм . Төрийн ордны зүг харан зогсох түүний хөшөө энэ өдөр хүндэтгэл илэрхийлэхээр ирсэн хүмүүсийн харцанд “өлгийдүүлж” байна. Бусдын гарт харамсалтайгаар амь үрэгдсэн түүнгүйгээр монгол түмэн 14 жилийг үджээ. Харуусал,гуниг тээн зогсох олон арван залуус цэцгийн баглаа тэвэрсэн хамтран зүтгэгчид, найз нөхөд, төрөл садан нь хүндэтгэлийн үг хэлэхээр дугаарлан зогсоно.

Тэнгэрт амгалан нойрсох ахынхаа хөшөөг гурвантаа тойрч цэцэг өргсөн түүний төрсөн дүү С.Оюун ”Миний ах 1990 онд 27 насандаа ардчилсан хувьсгал, өөрчлөлтийг нөхдөө удирдан тайван замаар авчирсан хүн. Өнөөдөр бол баярт өдөр тохиож байна. Би мундаг, чадвартай ахтай байсандаа бахардаг. Миний ах улс төрд наймхан жил зүтгэхдээ асар их өөрчлөлт шинэчлэлтийг хийсэн. Ахын минь амийг хөнөөсөн хэргийг илрүүлэхгүй байгаа нь улс төрийн хүсэл, зориг байхгүйгээс шалтгаалж байгаа юм. Улс төрийнхөнд анхандаа ч байгаагүй, одоо ч энэ хэргийг илрүүлэх хүсэл байхгүй. Цагдаагийн байгууллага бол хүн амины хэргийг маш сайн илрүүлж чаддаг. Цаана нь улс төрийн сэдэлтэй, захиалгатай байсан болохоор улс төрийн хүсэл эрмэлзлэл дутаад байгаа юм” гэж олон түмэнтэй сэтгэлийн үгээ хуваалцлаа. Тэрбээр ахынх нь амийг егүүтгэсэн хэргийг илрүүлэхээр хүчний байгууллагын мөрдөн байцаагчид ажлаа сайн хийж байгаа гэдэгт итгэдэг болохоо хэлж “Эрх баригчдын хүсэл зориг нөлөөлж байж л ажил нь урагшлах байх. Ажлын хэсэг 14 жил ажиллаж байгаа. Нилээн олон зүйлийг нотлохын төлөө явсан. Гэвч төр засаг, эрх баригчид маань арчаагүй байна” гэж боддог тухайгаа нуусангүй. Цэцэг өргөх ёслолд ирсэн өндөр настнуудаас Баянзүрх дүүргийн иргэн Б.Батхуяг хэлэхдээ “С.Зориг бол шудрага залуу улстөрч байсан. Улс үндэстэнийнхээ эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг.Олон хүн түүнийг энэ өдөр санаж байна. Монголд тайван замаар ардчилалыг эхлүүлж байсан ховорхон төрсөн хүү. Хэдий урт наслаагүй ч бага хугацаанд их зүйлийг хийснийг нь олон түмэн хүндэлдэг. Би жил бүрийн энэ өдөр С.Зориг хүүгээ санан хөшөөнд нь хүндэтгэл үзүүлэхээр ирдэг юм” гэв.

Монголчуудад аянга дэлдсэн мэдээ сонсогдсон 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр монголд анх удаагаа улс төрийн, ил тод аллага болж 1990 онд эхэлсэн ардчилалын төлөөх хувьсгал найм дахь жилийнхээ намар удирдагчаа алдсан юм. Ийн олон түмэн өнөөдөр Монголыг нээлттэй улс орон болгож, дэлхий нийтийн хөгжлийн хандлагад нийцүүлэхэд чухал алхам хийсэн ардчилалын алтан хараацайгаа санан дурсаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ