Эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэв

img

Эрүүл мэндийн сайдын тушаалуудаар Сайдын зөвлөлийн бүрэлдхүүнийг томилсонтой холбогдуулан “Эрүүл мэнд-Эрхэм баян” нээлттэй хэлэлцүүлгийг долоо хоног бүр тогтмол явуулж байхаар болсон. Энэхүү хэлэлцүүлэг академич П.Нямдаваагийн “Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд” илтгэлээр өчигдөр нээлтээ хийлээ. Энэхүү хэлэлцүүлэгт мэргэжлийн байгууллагууд болон иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, дүүрэг хороодын нийгмийн ажилтнуудыг төлөөлсөн 100 гаруй хүн оролцов. Үндсэн хэлэлцүүлгийн хүрээнд оролцогчид тулгамдсан асуудлаа ярилцсаны зэрэгцээ цаашид хэлэлцүүлгийг илүү үр дүнтэй болгох талаар тодорхой саналууд гарч, ажил болгон хэрэгжүүлэхээр болов. Тухайлбал, дараа дараагийн хэлэлцүүлгийн өмнө төв эмнэлгүүд, төрөлжсөн мэргэжлийн төвүүд дээр иргэдийн санал, шүүмжлэл, асуулт цуглуулах хайрцаг ажиллуулах, ЭМЯ дээр мөн энэ зорилгоор  утас ажиллуулах зэргээр эрүүл мэндийн үйлчилгээг авч байгаа хүмүүсийн санал хүсэлтийг бодитойгоор сонсох боломжийг нэмэгдүүлэхээр болов. “Эрүүл мэнд-эрхэм баян” иргэдийн нээлттэй индэр энэ сарын 26-нд “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар юунаас эхлэх вэ” сэдвээр үргэлжлэх юм байна.   Д.Цэцэг        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ