Залуучууд нэр төрөө эрхэмлэхэд суралцана

img

“Нэр Төрөө Эрхэмлэх Даян Дэлхийн Өдөр” энэ сарын 20-ны өдөр тохиож байна. Монголчууд бид "Хүн нэрээ, тогос өдөө", "Нэр хугарахаар, яс хугар”, "Дуудах нэр дуурсах алдартай амьдар" хэмээн эрт дээр үеэс нэр төрөө бүхнээс дээдлэн эрхэмлэж ирсэн ард түмэн билээ. Нэр төр, ноён нуруугаа эрхэмлэх нь зөвхөн хувь хүний асуудал бус өөрийг нь хүрээлэн буй хүмүүс болон нийгмийн өмнө хүлээсэн ухамсарт хариуцлагын нэг хэлбэр юм. Энэ дэлхийн иргэд шашин шүтлэг, улс төр, арьс өнгө, үзэл баримтлалуудаараа зөрөлддөг боловч зөвхөн нэр төрөө эрхэмлэх нь хүн бүрийн санал нийлэх боломжтой амьдралын эрхэм зорилго нь болж болох юм. "Нэр Төрөө Эрхэмлэх Даян Дэлхийн Хөдөлгөөн” анх 2006 онд санаачлагдаж, 2008 оноос эхлэн жил бүрийн энэ өдөр "Нэр Төрөө Эрхэмлэх Даян Дэлхийн Өдөр” болгон тэмдэглэж өнгөрүүлдэг болсон. "Нэр Төрөө Эрхэмлэх Даян Дэлхийн Хөдөлгөөн”-ийг хамтран үүсгэн байгуулагчид нь Норвегийн эрхэмсэг ханхүү Хаакон, "Хөүп" төслийн санаачлагч Жон Хөүп Браянт, мөн Хелсинкийн Урлаг Дизайны Их Сургуулийн профессор, Оксфордын Их Сургуулийн зочин багш Пекка Химанен нар юм. 2010 онд 60 Залуу Глобал Удирдагчид дэлхийн 25 оронд "Нэр Төрөө Эрхэмлэх Даян Дэлхийн Өдөр”-ийг удирдан, зохион байгуулжээ. 2011 оны хувьд нийт 100 орны сайн дурын хүмүүс хамтран ажиллахаар бүртгүүлж, 100 гаруй Залуу Глобал Удирдагчид гардан ажиллахаа мэдэгдээд байгаа билээ. Эдгээр хүмүүсийн хүчин зүтгэлийн дүнд 2011 онд дэлхий даяар нийт 100000 залуучуудыг энэхүү хөдөлгөөнд хамруулахаар зорьж байна. Манай улсад энэхүү өдрийг 2009 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд өдгөө гурав дахь жилдээ зохиогдох гэж байна. Энэ жил "Нэр Төрөө Эрхэмлэх Даян Дэлхийн Өдөр”-ийг тохиолдуулж ерөнхий боловсролын сургуулиуд болон их, дээд сургуулиуд дээр “нэр төр гэж юу болох”, “нэр төрөө эрхэмлэх”, “хэрхэн нэр төртэй амьдрах” талаар яриа хийн, хүүхэд залууст нэр төрийн талаар ойлголт өгөхийн зэрэгцээ тэдний өөрсдийн үзэл бодол, байр суурийг сонсох үүднээс зохион бичлэг, уран илтгэл болон гар зургийн уралдаанууд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Мөн хүүхэд залуучуудаас гадна албан байгууллагууд болон бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллаж, тэдэнд "Нэр Төрөө Эрхэмлэх Даян Дэлхийн Хөдөлгөөн”-ий талаар мэдээлэл хүргүүлэх, сонгогдсон байгууллагуудыг “Даяар Мөрдөх Бизнес Андгай”-д хамруулан, өдөр тутмынхаа ажил амьдралд андгайн үндсэн зарчмуудыг баримтлахыг уриална.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ