
Монголын кино урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудас болж чадахуйц Эзэн Чингис хаан, түүний эрэлхэг баатар эрсийн тухай өгүүлсэн “Аравт” бүрэн хэмжээний уран сайхны кино өнөөдөр “Тэнгис” кино театрт нээлтээ хийнэ. Үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байсан уг киноны уран бүтээлчид өнөөдөр Чин ван М.Ханддоржийн өргөө, цогцолборт “Аравт” уран сайхны киноныхоо талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хуралд тус киноны ерөнхий найруулагч Д.Золбаяр, Өвөрмонголын “Одон” телевизийн найруулагч, Өвөрмонголын “Нүүдэл соёл” кино компанийн захирал, кино найруулагч И.Шагдарсүрэн, ӨМӨЗО-ны кино үйлдвэрийн жүжигчин, БНХАУ-ын I зэргийн жүжигчин Б.Баасанжав, МУГЖ Ё.Цог, ӨМӨЗО-ны жүжигчин Л.Жамбал /олон ангит Чингих хаан киноны Сорхон шар/, кино зохиолч О.Эрдэнэ, ӨМӨЗО-ы жүжигчин Б.Аюурдарь /Сергей Бодровын “Монгол” киноны бөөгийн дүрд тоглосон/, ерөнхий зураач Ж.Цог, ерөнхий оператор Г.Батулга, Өвөрмонгол талаас оператор И.Хасболд, хөгжмийн зохиолч Б.Чинбат, жүжигчин Б.Амарсайхан, АПУ компанийн маркетингийн албаны төлөөлөл н.Одбаяр, жүжигчин Г.Золбоот, Н.Онон, жүжигчин С.Ариунбямба, ӨМӨЗО-ны жүжигчин Э.Буянхишиг, Ч.Бодь нар оролцов.
Найман зууны тэртээх Чингис хааны маань тухай гадна дотны уран бүтээлчдийн нэг бус бүтээл олны хүртээл болгож байсан. Гэвч түүний агуу түүхийн амин судас, гол хөшүүрэг нь болсон эгэл жирийн цэрэг эрс хэрхэн амьдарч тэмцэж, хооллож ундалж, хоорондоо нөхөрлөж, аяны хүнд дайны бэрхийг нэгэн санаа, нийтийн хүчээр хэрхэн туулж, ялахын ид хав, ялагдахын гуниг зовлонг хэрхэн хуваалцаж, эцэст нь хатуу бүхнийг хатамжлан сөрсөн, цэрэг эрс тулааны талбарт эрсдэн унахдаа ижий аав, эх нутаг, эхнэр хүүхдээ хэрхэн санан дурсаж, шаналан гашуудаж асаныг харуулсан уран бүтээл тийм ч олон бүтээгдээгүй.
Харин өнөөдөр нээлтээ хийх “Аравт” кинонд энэ бүхнийг тод томруунаар харуулж, олон улсын кино наадамд өрсөлдөхөд чанар, стандартын түвшинг дээд зэргээр хангаж чадсан цоо шинэ уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгоход бэлэн боллоо хэмээн уран бүтээлчид өгүүлж байна. Тус кино нь Монгол, Өвөрмонгол хоёр улсын уран бүтээлчдийн хамтын томоохон бүтээл гэдэг утгаараа цаг хугацаанаас үл хамааран чанартай сайн бүтээл хийхийн төлөө уран бүтээлчид зүрх сэтгэлээ нэгтгэн хоёр жил гаруйн хугацааг зарцуулсан аж. Уг кинонд ганцхан эмэгтэй дүр байдаг бөгөөд тэр нь УДЭТ-ын жүжигчин Д.Ганцэцэг. Тэрээр СУИС-ыг жүжигчин мэргэжлээр төгсөж уран бүтээлээ хийх явцдаа тус сургуулийн уртын дуучны ангийг дүүргэсэн бөгөөд уг киноны уртын дууны шуранхайг өөрөө хийсэн гэдгийг энэ үеэр онцолж байлаа. Их эзэн Чингис хаан түүний эрэлхэг дайчин эрс, тэдний хатан зориг, эр хүний мөн чанар, амьдралын үнэнг өгүүлж чадсан уг кино өнөөдөр нээлтээ хийснээр үзэгчдэд , залуучуудад ухаарал хайрласан уран бүтээл болсон хэмээн тэд дүгнэж байна.

П.Наран Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ