
Олимп эхлэхэд 97 хоног үлдээд байна. “Лондон-2012” зуны ХХХ олимпийн наадмын галт бамбар Английн Лондонд 7-р сарын 27-нд асна. Дэлхийн хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг олимпийн наадамд спортын төрөл бүрээр шилдэг тамирчид өрсөлдөж нэг тэнгэрийн доор хуран чуулдаг. Олимпийн наадамд Монгол улсаа төлөөлөн өрслдөх тамирчдыг дэмжих зорилгоор “Олимп хөгжил сан” байгуулагдаж албан ёсоор нээлтээ хийлээ. Энэ хүрээнд хандивын данс нээн ажиллуулж байгаа аж. “Олимп хөгжил сан”-ийн удирдах зөвлөлийн даргаар Монгол улсын шадар сайд М.Энхболд ажиллах юм. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-аас 2012 оныг “Спортын амжилт, ялалт”-ын жил болгон зарласан. Энэ хүрээнд Бээжин-2008 зуны ХХIХ олимпийн наадмын амжилтыг бататгахаас гадна өмнөх амжилтаа илүү ахиулахаар зорьж ажиллаж байна. “Олимп хөгжил сан”-ийн нээлтийн арга хэмжээнд Монгол улсын ерөнхий сайдын зөвлөх О.Одбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, 2008 оны олимпийн аварга, МУГТ Э.Бадар-Ууган, олимпийн мөнгөн медальт, МУГТ П.Сэрдамба, “Бээжин-2008” паралимпийн аварга, МУГТ Д.Баатаржав, МУГТ Б.Наранбаатар, нийслэлийн дүүргүүдийн БТСГ-ын дарга болон холбогдох албаны хүмүүс оролцов. Мөн Олимп хөгжил санд өөрсдийн гэсэн хувь нэмрээ оруулан тамирчдаа дэмжиж байгаа хувь хүн, байгууллагын удирдах хүмүүс оролцож хамтран ажиллахаа дуулгасан юм.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ