“Суруга Монгол” корпорацийн захирал Цүнэяки Харагийн хэрэгт хоёр хүн холбогдлоо
“Суруга Монгол” корпорацийн зургаан захирлын нэг 67 настай Цүнэяки Хара хар тамхи хэрэглэсэн хэрэгт холбогдон Цагдан хорих төвд саатуулагдаад багагүй хугацаа өнгөрч байгаа. Эх сурвалжийн мэдээллээр Цүнэяки Харатай холбоотой мансууруулах төрлийн бодис хэрэглээд зогсохгүй тээвэрлэдэг, зуучилдаг хоёр ч хүн хамт шалгуулж буй гэнэ.
Уг хэргийг шалгах явцад Цүнэяки Хара нутагтаа гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг тодруулахаар манай хууль хяналтын байгууллагаас Японы хууль сахиулах алба руу албан тоот илгээсэн юм байна. Уг албан бичгийн хариу хараахан ирээгүй, гэмт хэргийг байцаах ажиллагаа дөнгөж эхэлж байгаа аж.
Монголд үйл ажиллагаа явуулдаг “Суруга Монгол” компани нь 2003 оноос хойш Хан-Уул дүүрэгт “Дөрвөн улирлын цэцэрлэг” нэртэй орон сууцны хороолол барьж байгаа юм. Салбар компанийнхаа үйл ажиллагаатай танилцахаар өнгөрөгч өвөл монголд ирсэн Цүнэяки Хара Хан-Уул дүүргийн нутаг “Палас” зочид буудлын 609 тоотод хэрэглэж байгаад цагдаагийн ажилтнуудад анх саатуулагдсан юм. Түүнийг саатуулсны дараа Гаалийн төв лаборатори болон бусад итгэмжлэгдсэн лабораторид түүний цуснаас нь авч шинжилсэн ч хар тамхины бүлгийн бэлдмэл хэрэглэж мансуурсан нь тогтоогдсон.
Ингээд Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасагт Цүнэяки Харад Эрүүгийн хуулийн 192.3 дахь хэсэгт зааснаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэсэн зүйл ангиар буруутган сэжигтнээр татан шалгаж эхэлсэн байна. Хэргийг шалгах явцад мансууруулах төрлийн бодис тээвэрлэдэг хоёр ч хүн холбогдон одоогоор Цагдан хорих төвд баривчлагдаад байгаа юм байна.
Хар тамхины хэрэгт татагдсан Цүнэяки Хара “Суруга корпорци”-ийн гүйцэтгэх захирлаар 2002 оноос хойш ажилласан бөгөөд түүний удирдлагын хугацаа буюу 2010 оны аравдугаар сард Японы Токио хотын Дээд шүүхээс тус компанийн дампуурлыг албан ёсоор зарлажээ. Хувьцаа нь 2011 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр хүчингүй болсон гэнэ. Зарим баримтуудаас харахад Цүнэяки Хара тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа якуза нартай холбоотой ажиллаж байсан гэнэ. Албан ёсны мэдээллээр бол Японы “Суруга корпораци” хувьцаат компани нь анх 1972 оны гуравдугаар сард байгуулагдаж, Японы хамгийн том худалдааны боомт болох Канагава мужийн Ёкохама хотод төв салбараа нээж байсан түүхтэй аж.
Дараа нь Токио хотод дахин нэг салбараа байгуулж барилга, зам гүүр, зураг төсөл, үл хөдлөх хөрөнгө зэрэг салбарт үйл ажиллагаа явуулж байжээ. Тодруулбал, барилга ба үл хөдлөх хөрөнгө гэсэн хоёр төрлийн үйл ажиллагааг байгуулагдсанаасаа хойш дагнан явуулж ирсэн бөгөөд Токиогийн үнэт цаасны биржийн хоёрдугаар салбарт хувьцаагаа борлуулдаг. Хувьцааны үнийн хувьд Японы барилгын компаниудын дотор тэргүүн эгнээнд ордог гэх мэдээллийг удирдлагууд нь өгч байв. ”Суруга корпораци” нь байгуулагдсан цагаасаа хойш Япондоо 10 жилийн хугацаанд нийт 8000 айлын орон сууц, 157 дээд зэрэглэлийн амины орон сууц, 56 оффисийн барилга, 36 сургууль, эмнэлэг зэрэг нийтийн үйлчилгээний байгууламжууд болон бусад олон барилгуудыг барьсан гэх мэдээлэл бий. Хачирхалтай нь ийм их бүтээн байгуулалт хийсэн компани үүд хаалгаа барьж зарим захирлууд нь хар тамхины хэрэгт холбогдсон үндэслэл нь японы якуза нартай холбоотой олон хууль бус үйлдлүүд байсан гэх хардлага бий.
Японд албан ёсоор дампуурлаа зарласан "Суруга"-ийн охин компани болох "Суруга Монгол "компанийн захирал Цүнэяки Харагийн гэм буруутай үйлдлүүдийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна. Хэрэв түүний гэм буруутай үйлдэл нь шүүхээр тогтоогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгүүлнэ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ