Сонирхогчдын Монгол хайкинг клубын гишүүд Эверестэд авираад ирлээ

img

Монгол хайкинг клуб нь анх 2006 онд байгуулагдсан бөгөөд долоо хоногийн бүтэн сайн өдөр бүр тасралтгүй алхаж эрүүл мэнд, эрүүл аж төрөх ёсыг дэмжих, уул ус байгаль орчинтойгоо зөв харьцах, хайрлан хамгаалах эко-аялал, идэвхтэй амралтыг сурталчлах зорилготой ашгийн бус, сайн дурын үйл ажиллагаатай уулын явган аялалын сайн дурын клуб юм.
Тус клубын 9 гишүүд болох Л.Баярсайхан, Ш.Сэргэлэн, Н.Хишгээ, Г.Ганзориг, Б.Тамир, Ш.Гэрэлмаа, Б.Даваадулам, Б.Элбэгжаргал, Д.Өнөр нар Эверестийн 5550 метр өндөрт орших Кала Патар оргилд (Gorak Shep - Kala Patthar 5550м) амжилттай авираад ирлээ. Энэ удаагийн авиралтын онцлог нь Монголын  уулчид анх удаагаа сонирхогчдын томоохон баг бүрдүүлэн Эверестийг зорин алхалт хийсэн явдал юм. Тэдний амжилттай авирч эх орныхоо төрийн далбааг мандуулсан эр зориг, тэсвэр хатуужлаар бид бахархах ёстой.
Монголын мэргэжлийн уулчид болон Монгол хайкинг клубын гишүүдээс бүрдсэн тус баг Эверестийг энэ оны гуравдугаар сарын 9-ний өдөр зорьсон бөгөөд мэргэжлийн Б.Ганбаатар, Ц.Цогзолмаа, Б.Цэвээндаш, Л.Баярсайхан нарын уулчид дэлхийн дээвэр болсон Эверестийн ноён оргилд гарах авиралтаа үргэлжүүлэхээр үлдсэн бөгөөд тэд эх орныхоо тугийг мандуулан, тус тугаа 2012 оны Лондонгийн олимпод оролцох баг тамирчдад гардуулж өгөх зорилготой юм.
Дашрамд дурдахад эрүүл, идэвхитэй амьдралыг эрэлхийлдэг хүн бүрт энэхүү клуб нь нээлттэй бөгөөд клубын үйл ажиллагааны талаар http://www.facebook.com/pages/Mongol-Hiking-Club хуудсаар зочилж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ