Б.Баатархүү: Эдийн засагч болох байсан

img

Хошин урлагийн салбарт өөрийн байр суурьтай, үзэгч фэнүүдтэй жүжигчдийн нэг бол Б.Баатархүү. Тэрбээр хүнд өвчнөөр өвчилж олон хүний сэтгэлийг гонсойлгоод байсан ч урлагийн төлөө төрсөн авьяас билэгт жүжигчин маань ард олон, найз нөхөд, сайхан сэтгэлт хүмүүсийн буянаар эдгэрч эргэн тайзнаа ирж байгаа нь үнэхээр бахархмаар, баярламаар юм. Тиймээс бидний сэтгэлд хоногшсон олон сайхан дүрийг бүтээсэн жүжигчин Б.Баатархүүтэй хийсэн ярилцлагыг уншигч та бүхэндээ хүргэе. -Сүүлийн үеийн сонин хачнаасаа хуваалцахгүй юу? -Одоогоор ямар нэгэн уран бүтээл дээр ажиллаагүй. Саяхан нээлтээ хийсэн “Х Түц” хамтлагийн жүжигчин Т.Бархүүгийн хийсэн “Худалч Залуу” кинонд тоглолоо. Янз бүрийн рекламны санал ирвэл тоглоно. -Таны хувьд хошин урлаг гэхээсээ илүү кино урлаг руу илүүтэй урваад байна уу даа  хэмээн ажиглагдах болж? -Сүүлийн нэг жил шахуу кинонд явлаа. Кино урлаг ч хүчтэй хөгжиж байгаа энэ үед жүжигчин хүн энэ бүхнээс хоцорч  болохгүй. Энэ ч утгаараа кино урлагт хүч үзээд алдахад илүүдэхгүй гэж бодож байна. -Нэг хэсэг “Доз энтертаймент” продакшнд харъяалагдаж байсан. Цаашид дангаараа продакшн байгуулах бодол бий юу? -Хамгийн сүүлд жүжигчин Хүрлээ, Амбий хоёртой “Комеди арт” хамээн хамтлаг байгуулж нэлээдгүй уран бүтээлээ үзэгчдээ хүргэж байсан. Уран бүтээл хийгээд явахаар бас тоглох театрын хүрэлцээ хомс  байдаг. СТӨ, МҮЭСТО-д хошин урлагийн продакшнууд жилээр гэрээ хийчихсэн байдгаас театрын хүрэлцээ муу зэрэг бэрхшээлүүд байдаг. Тиймээс тус тусын бизнесээ хөөгөөд л явж байна. Жүжигчин Амбий маань эрүүл мэндийн байдлаас болоод уран бүтээлээсээ түр   завсарлага авсан байгаа. -Хошин урлагийн продакшнуудын хувьд  энэ жил шагналын хур буусан жил боллоо. Хамгийн сүүлд Шинэ үе продакшны захирал жүжигчин Ариунболд гавьяат цолоор энгэрээ мялаалаа? -Тэгэлгүй яахав “Х Түц” хамтлагийн жүжигчин, ард түмний хайртай алаг нүдэн хэмээн хайрлаж хүндэлдэг Одноо эгч маань авсан. Үүнээс хойш жүжигчин Аглуу авлаа. Одноо эгч маань их булган сүүлтэй байж араасаа маш олон гавьяатыг төрүүллээ. Үүнээс хойш ард түмэндээ хайрлагдсан Онон, Хүрлээ ах,  Лхагвасүрэн ах  гээд л олон авьяаслаг  жүжигчид олон жүжигчид энэ нэр хүндтэй шагналыг аваасай гэж бодож байна. Саяхан нэг инээдтэй явдал болсон л доо. Нэг найз маань утасдаад гавьяат болсонд баяр хүргэе гэж байна. Тэгэхээр нь л би юу үгүй байхаа гэж бодож байлаа. Гэтэл ганц нэг сайтуудаар тийм мэдээлэл гарч л дээ. Тэр мэдээний доор үлдээсэн хүмүүсийн сэтгэгдлүүдийг уншиж байхад энэ мэдээлэлд дургүйцэх нэгэн байхад надад урам зориг өгөх нэгэн ч байсан. Гэхдээ би хэзээ ч шагнал горилохгүй. Миний хайрлаж хүндэлж явдаг олон жүжигчид байна. Тэр хүмүүс эхлээд аваг. Юм гэдэг эрэмбээрээ байдаг. Цаг нь болохоор ард түмэн л шийдэх асуудал. Миний хувьд болоогүй гэж бодож байна. Гэхдээ  амны билгээс ашдын билэг гэж хэзээ нэгэн цагт энэхүү эрхэм шагналыг авах байхаа гэж бодож байгаа. -Нэг хэсэг хүнд өвчний улмаас эмчлүүлж байсан. Одоо биеийн байдал чинь сайжирсан уу? -Одоо маш сайн байгаа. Намайг хүнд өвчин тусаж шаналж байх  хүнд хэцүү цагт надад туслаж намайг эдгэрэх итгэл найдварыг өгч байсан монголын ард түмэндээ энэ завшааныг ашиглан баярлалаа гэж хэлмээр байна. Эмнэлгийн орон дээр эдгэрэх эсэхээ мэдэхгүй хэвтэж байхад чи чаднаа гэдэг итгэлийг бүрэн өгсөн найз нөхөддөө ч танай сайтаар дамжуулан баярлаж талархаж байгаагаа хэлэх нь зүйтэй болов уу. Өвчин гэдэг хэлж ирдэггүй хийсч ирдэг юм билээ. Тэгэхээр над шиг өвчинд шаналж байгаа тэр олон хүмүүст  туслахсан гэдэг сэтгэлээр тэдэндээ сэтгэлийн дэм өгөхийг бодож явдаг. Мөн жүжигчин Амбийгийн бие маш их сайжирч байгаа шүү гэдгийг энэ дашрамд хэлье. Миний хувьд монголын ард түмэнд болон найз нөхөд  мөн  жүжигчин Доёогийн гэр бүлд баярлаж  байгаагаа хэлье. Та бүхний өгсөн энэхүү урмын хариуд уран бүтээлээрээ үргэлж бэлэг барьж байх болно. -Таныг анх харсан хүмүүс их ширүүн төрхтэй гэх юм билээ. Харин найз нөхдүүд чинь их зөөлөн уяхан хүн гэж ярьдаг  юм билээ? -Миний талаар найз нөхөд гэр бүлийнхэн гээд эргэн тойрны хүмүүс минь л илүү их мэдэх байх. Миний ганцхан эрхэмлэдэг зарчим байдаг. Хүн амьдралдаа анх ямар байснаа хэзээ ч мартаж болохгүй. Өнөөдрийн энэ өндөрлөг дээр гараад эргээд харахад хүний амьдрал ямар нэг хэмжээгээр өөрчлөгдсөн байдаг. Найз нөхдөө болон хүмүүсийг гомдоохгүй юмсан л гэж боддог. Тиймдээ ч жүжигчин хүн гэдэг олны нүдэн дээр байнга өртөж байдаг тэр ч утгаараа олны нүдэн дээр бие зөв авч явах хэрэгтэй гэж боддог. Яг харагдаж байгаа  шигээ тийм ширүүн биш ээ их уяхан шүү дээ. Харагдах байдлаасаа эрс өөр шүү /инээв/. Сүүлийн үед хөгшрөөд байгаа юм болов уу, юм л бол уйлах гээд байдаг болсон байна лээ. Нэг юм огшоод л. -Та гэр бүлийн  хүнээ танилцуулаач. Танай гэр бүлийн хувьд нилээн нуугдмал байдаг? -Миний эхнэр их сайхан хүн бий. Одоогоор хүүхдээ хараад гэртээ байдаг. Нэлээн даруухан эмэгтэй байдаг шүү. Тэр болгон олны нүдэнд ил гараад байдаггүй. Эр хүн амьдралаа авч явах ёстой. Тэр ч утгаараа эхнэр маань үр хүүхдийнхээ боловсрол болон нөхрийнхөө амжилт бүтээлийг дэмжээд  явдаг. Миний өдий зэрэгтэй яваа маань гэр бүлийн хүний маань л ач гэж бодож явдаг даа. Энэ далимд ар талыг минь дааж явдаг эхнэртээ хайртай шүү чамдаа баярлалаа гэж хэлмээр байна. -Таныг анд явах  хоббитой гэж сонссон. Чөлөөт цагаараа юу хийдэг вэ? -Анд явах миний хамгийн дуртай зүйлүүдийн нэг л дээ. Анд явна гэхээр л таарсан амьтан бүрийг алж устгахийг хэлэхгүй л дээ. Анчид дотроо хор нь гараагүй анчин гэж байдаг. Миний найз нөхөд болон өвчин зовлонтой хүмүүс надад эмчилгээний зориулалтаар хэрэглэх гэсэн юм гээд янз бүрийн юм захиж л байдаг юм. Гэхдээ амьтнаас хаядаг зүйл нэг ч байдаггүй. Бүх л зүйлыг нь эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг. Үнэхээр шаардлагатай байгаа зүйлыг нь хүнд олж өгч туслах юмсан гэж боддог доо. Гэхдээ хориотой ан хэзээ ч хийж байгаагүй. Бас нэг хобби маань загасанд явах. Загасанд явах эрүүл мэндэд бас тустай ядаргаа гардаг мөн усны урсгал хараад явахад нүдний хараанд бас сайн шүү дээ. -Цаашид өөрийн гэсэн продакшн байгуулах уу? -Ямар нэг юм толгойлоод явах тал дээр өөртөө итгэлгүй л байна, ний нуугүй ярихад. Харин ч чөлөөт уран бүтээлч хийгээд явахаар ямар нэг санал ирвэл тоглоод явна. Энэ нь ч их амар юм шиг санагддаг. Нөгөө талаараа таалагдсан зүйлээ хийгээд явахад илүү дөхөмтэй. -Уран бүтээлчийн хувьд ихэвчлэн архичны дүр бүтээдэг. Мөн эсрэг дүрүүд. Найруулагчдын зүгээс таньд энэ дүрийг сонгодог юм болов уу? -Өөрийнхөө бүтээсэн дүрүүдийг харахад  ихэвчлэн эсрэг дүр бүтээсэн байдаг. Нийтдээ 40-50 кинонд тоглосон. Энэ дотроо “Аз жаргал-Bad boy” хэмээх кинонд  л сайн аавын дүрийг бүтээсэн байна. Ер нь бол найруулагч л энэ асуудлыг шийддэг. Найруулагчаас зөрөх эрх байхгүй л дээ. Миний байгаа төрх өөрөө их ширүүн төрх учраас эсрэг дүрд л тохирдог байх гэж бодож байна. Хааяа хөдөөгүүр тоглолтоор явж байхад нь зарим нэг хүмүүс “Чи согтуу явна уу, эрүүл явна уу. Одоо нэг архичин болоод үзүүлчих л дээ”  гэх тохиолдол бишгүй л тааралддаг. Өнөөгийн нийгэмд айл бүрт  нэг архичин байгаа нь ч нууц биш. Тийм ч учраас намайг  согтуу хүний дүр бүтээхийг харсан хүмүүс ”Чи одоо өөрийгөө хар. Ямар байна” хэмээн харьцуулах эцэг эхчүүд ч цөөнгүй таардаг юм. Архичны дүрийг  сайн бүтээдэг нь миний  бага настай ч   холбоотой. Хүүхэд нас маань Бага тойруу дахь Банкны 84 гэдэг байранд өнгөрсөн юм. Хажууханд нь архины IV дэлгүүр  гэж алдартай дэлгүүр байдаг байсан.  Дэлгүүр дээр цугласан олон архичин атамануудын зодоон нүдээн, дээрэм зэргийг багаасаа л харж, сонсож өссөн болохоор архичны дүр бүтээхэд бас их ойрхон байсан болов уу. -Омогшиж өөрөөрөө бахархдаг агшин? -Үзэгчдийн алга ташалтаас энэхүү сайхан мэдрэмжийг авдаг. Үзэгчид бол мэргэн шүүгчид байдаг. Тиймдээ ч үнэхээр үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, халуун алга ташилтыг авахдаа л хамгийн их өөрөөрөө омогшиж бахархах сэтгэл төрдөг. Аливаа уран бүтээлийг сайн уран бүтээлчидтэй хамтран  тоглож, үзэгчдээс халуун дулаан мэдрэмжийг аваад л зогсох тэрхэн агшин шүү дээ. -Сүүлийн үед  жүжигчид хошин урлагийг мөнгө олох хэрэгсэл болгоод байна уу даа гэдэг зүйл ажиглагддаг. Энэ тал дээр таны бодол? -Яг энэ асуудал дээр би санал нийлдэггүй. Өнөөдөр дэлхий өөрөө шоугаар амьсгалж байгаа энэ үед бид ч гэсэн хөл нийлүүлэх л хэрэгтэй. Хаана л боломж, мөнгө олох арга байна хүмүүс тийшээ л явна. Хүн бүр үр хүүхэд гэр бүлийнхээ төлөө үүрэг хариуцлагатай амьдрах хэрэгтэй. Тэгэхээр л аль боломжтой бизнес рүү явж байгаа нь тийм буруу зүйл гэж бодохгүй байна. Ер нь хүн инээлгэх гэдэг тийм амар ажил биш. -Таныг их сайхан хоол хийдэг хэмээн сонссон. Таны гарын хоол юу вэ? -Хамтлагийнхан найз нөхдүүд минь бол мэднэ дээ. Миний гарын хоол банштай цай. Банштай цайг дахин давтагдахааргүй хийдэг. Нэг уусан хүн бол дахин дахин уух юмсан гэтэл нь чанадаг. Зав чөлөө л гарвал банштай цайгаар ойр тойрныхоныгоо дайлах дуртай. Хүн бүрт өөрийн гэсэн жор байдаг шүү дээ. Надад ч гэсэн банштай цай чанах өөрийн арга байдаг гэх үү дээ. Би чинь жүжигчин байхаасаа өмнө тогооч байсан шүү дээ. -Мөнгөө юунд зарцуулдаг вэ. Брэндийн хувцсаар хэр их гоёдог вэ? -Хамгийн түрүүнд ангийн хэрэгсэл авдаг. Хөдөө гадаа явахад өөрөөсөө гадна дөрвөөс таван хүн хувцаслах ангийн хувцас авч бэлддэг. Дараа нь гэр бүлийнхээ хэрэгцээнд зарцуулна. Эрэгтэй хүнийг гутлаар нь дүгнэдэг. Тэр ч утгаараа өөртөө  гутал бас цаг авдаг. Залуучууд сүүлийн үед их архи уудаг боллоо. Та энэ тал дээр эмзэглэдэг үү? Залуучуудын дунд сүүлийн үед архидалт маш их болсон.үүнийгээ дагаад гэмт хэрэг  ч ихсэж байна. Залуу хүнд хийх бүтээх боломж байгаа. Тийм болохоор уран бүтээлч хүний хувьд мэдээж эмзэглэж явдаг. Нэг шоу арга хэмжээнд архи уулгахаар нэгийгээ битгий шахаачээ л гэж хэлмээр байна. Архи уух нь  найз нөхдөөс бас их шалтгаалдаг юм уу гэж боддог. Архи уухгүй байгаа нэгнээ архиар шахахгүй байх уриалга хүртэл  гаргах хэрэгтэй байгаа юм. МУ-ын ерөнхийлөгч хүртэл архинаас татгалзаж сүү өргөж амьдрах уриалга гаргасан шүү дээ. Тэгэхээр дор бүрнээ архинаас хол явж хэрэглэсэн ч соёлтой  хэрэглээг бий болгох хэрэгтэй. Сүүлийн үед залуучууд жүжигчний мэргэжлийг  их амархан мэргэжил мэт бодож мэргэжлээ буруу сонгох тохиолдол их гарч байна.     Энэ тал дээр таны бодол? Манай улсад энэ төрлийн боловсон хүчин бэлтгэн гаргадаг улсын ганцхан сургууль байдаг. Энэхүү сургуулийг төгсөгчдийн хувьд төгсөөд ажлын байраар хангагдах нөхцөл тун бага. Яагаад гэвэл жүжигчин мэргэжил нь хувь хүнээс  маш их тэвчээр хатуужлыг шаарддаг. Энэхүү шалгуурт тэнцэх сэтгэлийн  их хаттай, дээр нь мөн авьяастай байж гэмээнэ энэхүү мэргэжлийг эзэмшиж чадна. Гэхдээ сургуулиа төгслөө гээд жүжигчин болчихдог юм биш. Цаашид маш их оролдлого хийх хэрэгтэй. Өөрөөс нь  их бэлтгэл шаарддаг хэцүү мэргэжлүүдийн нэг. Жүжигчнийхээ хажуугаар сайн продюссер юм шиг санагдлаа? Анх 1993 онд Соёл урлагийн их сургуульд элсэж орсноос хойш ангийн дарга байлаа. Их ажил зохион байгуулна. Тэмцээн уралдаан ч их  болно. Эхний хоёр жил ангийн дарга хийж байгаад сүүлийн хоёр жил нь Доёо ангийн даргын ажлыг хийсэн. Тэр үед эдийн засгийн онолын хичээл ордог байсан. Би тэр хичээлдээ хамгийн их дуртай байсан юм. Бусад хичээлээ тасалдаг байсан ч яаж ийгээд л  эдийн засгийн онолын хичээлдээ суудаг байсан их сонин хүүхэд шүү. СУИС-д шалгалт өгөхөөсөө өмнө санхүү эдийн засгийн техникумд  орохоор болсон байсан. Магадгүй СУИС-д тэнцээгүй байсан бол эдийн засагч болчихсон  гүйж явах байсан  байсан байх даа гэж одоо боддог юм. Ярилцсанд баярлалаа Танай сайтын хамт олонд ч бас баярлалаа. Та бүхний  үзэг нь хурц үг нь мэргэн байх болтугай. Э.Сувд    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

manduuxaimm:
arhi uudag dyrtai hvnshdee tanidag medne gawyat awah boloogviee ern shagnal tsol geed bolimoor ymaa
2013-02-05
naraa:
baatarhuu uneheer sain shuu.mundag jujigchin.bi bol ulaan fan ni gehuu dee.odnoo harin gavyataasaa hoish sedev oldohgui baigaam uu, haltuurddag bolson yum shig sanaghdsan shuu.gavyat avnaa gedegt chini itgej bainaa.amjilt husie.harin baatarhuugeesee 1 guih yum baina. ter banshtai tsainiihaa joriig bichij yavuulbal ih bayarlana shuu!!!!minii mail hayag deer bichsen baigaa.
2012-06-26