УБЕГ-ын дарга Л.Амарсайхантай ярилцлаа.
-Цахим үнэмлэхийн асуудлаас үүдэн сонгууль хойшлох хүртэл асуудал яригдаж байна. Үнэмлэх олгох энэ ажлын хэсэгт ямар ямар хүн ажиллаж байгаа юм бэ?
-Монгол Улсын иргэний цахим үнэмлэх олгох ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах нэгдсэн удирдлага чиглэлээр хангах ажлыг Засгийн газрын шийдвэрээр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ахлаж байгаа. Үндэсний статистикийн газар, Тагнуулын ерөнхий газар, хууль, цагдаа, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газар, БСШУЯ гээд нэлээд олон төлөөлөлтэй ажлын хэсэг ажиллаж байна. Салбар ажлын хэсгүүд орон нутагт Засаг даргаар ахлуулаад ажиллаж байна. Энэ ажлын хэсэг 14 хоног тутамд хуралдаж, ажлын явц, тулгарч буй асуудлуудын талаар зөвшилцдөг. Өнгөрсөн долоо хоногт энэ ажлын хэсэг хуралдсан.
-УИХ-ын сонгууль болоход хоёр сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Гэтэл өнөөдрийг хүртэл цахим үнэмлэхээ хэвлээгүй байна. Ямар хүндрэл үүсээд байгаа юм бэ?
-Энэ сарын 6-ны өдрөөс эхлэн нийт есөн удаагийн ачилтаар иргэний цахим үнэмлэхийн бэлдэцийг хүлээж авах байсан. Товлосон ёсоор энэ сарын 6-ны өдөр бид 60 мянга, 13-нд 100 мянга, 20-нд 100 мянга, 27-нд 200 мянга, ирэх сарын 4-ний өдөр 250 мянга, 11-ний өдөр 250 мянга, 18-нд 300 мянга, 25-нд 300 мянга, зургадугаар сарын 1-нд 439 мянга 495 ширхгийг хүлээж авах ёстой. Одоогийн байдлаар энэ сарын 6-ны өдөр хүлээж авах 60 мянган ширхгийг авсан. Энэ сарын 13-ны өдөр авах 100 мянгаас 10 мянга 80 ширхгийг авсан. Өөрөөр хэлбэл, 100 мянган иргэний үнэмлэхийн бэлдцээс 89 мянга 920 ширхэг бэлдэц дутуу нийлүүлэгдсэн.
-Ямар шалтгаанаар товлосон хугацаандаа бэлдцээ нийлүүлсэнгүй вэ?
-Бэлдцийг нийлүүлэх байгууллага нь “Бодь” интернейшнл. Уг компани Францын “Жамельта” компанитай гэрээ байгуулсан. “Жамельта” компани энэ сарын 13-ны өдөр “Үйлдвэрийн технологи бүрэн жигдрээгүй байна. Мөн иргэний цахим үнэмлэхийн цонхны материал нийлүүлдэг компанийн түүхий эд хугацаандаа нийлүүлэгдээгүй, тасарсан. Түүнчлэн европчуудын өргөнөөр тэмдэглэдэг улаан өндөгний баяр энэ өдрүүдэд тохиосон нь бидний нийлүүлэлтэд нөлөөллөө. Уучлаарай. Цаашид бид аль болох хугацаандаа нийлүүлэлтээ хийхээр хичээх болно гэсэн” гэсэн тайлбарыг бидэнд ирүүлсэн.
-Мөн цахим үнэмлэхийн чипийг одоо захиалж ирүүлж буй санал тоолох машин уншихгүй байгаа гэсэн. Яагаад тохирохгүй машин худалдаж авсан юм бэ?
-Цахим үнэмлэхийн чипэнд тодорхой мэдээлэл оруулах ёстой. Үүнд ургийн овгоос эхлээд хүйс, үнэмлэхийн дугаар гэх мэт нийт зургаан мэдээлэл багтаах ёстой. Мэдээллийг оруулахын тулд тусгай программаар оруулах ёстой болж байгаа. Энэ ажлыг Америкийн компани хариуцаж байна. Гэхдээ энэ ажлыг гүйцэтгэхийн тулд иргэний цахим үнэмлэхийг унших тоног төхөөрөмжийн техникийн шаардлагууд бас нөлөөлнө. Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс иргэний цахим үнэмлэх унших техникийн шаардлагуудыг дээрх компанид гаргаж өгсөн ч “Маш энгийн үзүүлэлттэй байна. Тиймээс энэхүү машинд манай талаас тохирсон програм зохиох ёстой. Ингэхэд хугацаа шаардана, наад зах нь 14 хоног шаардана. Дээр нь програмаа тохирч байгаа эсэхийг туршихын тулд долоо хоног шаардана. Тохирч байвал, иргэний үнэмлэх хэвлэх ажлыг эхлүүлж болно. Хэрвээ таарахгүй бол дахиж програм зохиох болно гэсэн. Програм иргэний үнэмлэх унших төхөөрөмжид таарна гэж шууд тооцоолоод үзэхээр тавдугаар сарын 10 -наас иргэний үнэмлэх хэвлэх ажил эхлэх болж байгаа. Өөрөөр хэлбэл, анх төлөвлөснөөр зургадугаар сарын 15 гэхэд иргэний ухаалаг үнэмлэх хэвлэх ажил дуусч, зургадугаар сарын 21-нд хамгийн сүүлчийн ухаалаг үнэмлэхийг иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулна хэмээн төлөвлөсөн ч сараар хойшлогдох нөхцөл байдал үүслээ.
-Ийм байдлаар явбал цахим үнэмлэхээр иргэд сонгуульд оролцох боломжгүй болно. Ажлын хэсгийн хуралдаан дээр үүнээс гарах гарцыг юу гэж ярилцсан бэ?
-Хуучин үнэмлэхээ ашиглан сонгуульд оролцохоос аргагүй. Иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн болон насанд хүрч шинээр иргэний үнэмлэх авахаар хүсэлт гаргасан иргэдийн тоо дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар сонгуулийн насныхан нь 14 мянгаар тоологдсон. Тэдэнд лавлах гаргаж өгөөд байгаа. Учир нь Засгийн газрын хуралдаанаас өнгөрсөн өвөл иргэний цахим үнэмлэх хэвлэж эхэлнэ гэдэг үндэслэлээр одоо ашиглаж байгаа үнэмлэх хэвлэх ажлыг зогсоосон. Тиймээс одоо дахин шинээр хэвлэх боломжгүй. Эдгээр иргэдийн хувьд лавлагаагаар сонгуулиа өгөхөөс аргагүй нөхцөл байдал үүссэн. Мөн одоогийн иргэний үнэмлэхийг хэвлэдэг байсан машинуудыг 21 аймгаас татаж авч, нэг газар төвлөрүүлэх ажлыг нэн даруй хийх шаардлагатай гэсэн зөвлөмжийг ажлын хэсгийн хуралдаанаас гаргасан. Ингэхгүй бол сонгуулийн үеэр нэг иргэн хэд, хэдэн удаа санал өгөх тохиолдол гарч магадгүй. Өөрөөр хэлбэл, дээрх иргэний үнэмлэх хэвлэх машиныг “журамлахгүй” бол энэ мэт зөрчил гарч болзошгүй гэж болгоомжлон аймгуудаас татах ажлыг эхлүүлэхээр боллоо.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ