МАН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцсэн асуудлын талаар тус намын нарийн бичгийн дарга Я.Содбаатараас тодрууллаа.
-МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан боллоо. Ц.Нямдорж сайдын асуудлыг ярив уу?
-Удирдах зөвлөлийн хуралдаан дээр Ц.Нямдорж сайдын асуудлыг яриагүй. Ганц Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг л хэлэлцлээ.
-Орон нутгийн сонгуулийн тухай хуулиар Ажлын хэсгийн саналыг дэмжсэн үү?
-Ер МАН сонгуулийн шинэчлэлийг Монгол Улсад хийхийн төлөө байгаа.
Энэ удаагийн парламентад олонхийн суудлыг эзэлж байгаагийнхаа хувьд УИХ-ын сонгуулийн тухай хуульд олон өөрчлөлтийг хийж, тогтолцооноосоо эхлүүлээд явуулах үйл ажиллагаа, дотоод зохион байгуулалт, ялангуяа сонгогчдын саналд шууд нөлөөлдөг бэлэн мөнгө амлах зэргийг таслах чиглэлээр маш олон заалтууд оруулсан. УИХ, орон нутгийн сонгуулийг хамт явуулах асуудлаар хоёр намын бүлэг ярилцсан.
Хоёр сонгуулийг салгаж явуулахгүй бол хүний болоод техникийн хүчин чадал, эрх зүйн талаасаа шахалт орж ирж байна. Хоёр нам хичнээн зөвшилцөж шийдвэр гаргах ч тэр нь заавал Үндсэн хуулийн хүрээнд байх ёстой.
Мөн амьдралд бодитоор хэрэгжих хууль гарах ёстой.
Энэ утгаараа хоёр сонгуулийг хамт зохион байгуулах нь орон нутагт зохион байгуулалт, хүний нөөц, төсөв хөрөнгө, байр савтай холбоотой том хүндрэл гарах нь гэдгийг авч үзсэн.
Ингээд УИХ-д суудалтай хоёр намаас Ажлын хэсэг гаргаад парламентын үйл ажиллагааг цаашид төгөлдөршүүлэх хэд хэдэн саналуудаар зөвшилцсөн байна. Энэ дүгнэлтийг өнөөдөр хуралдсан намын Удирдах зөвлөлийн хурал дээр сонсголоо. Удирдах зөвлөл хэлэлцээд Ажлын хэсгийн саналыг дэмжсэн.
-УИХ-ын сонгуультай хамт Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуулийг хийхээр болсон гэсэн үг үү?
-Тэгсэн. Харин аймаг, дүүрэг, сумын ИТХ-ын сонгуулийг намар аравдугаар сард хийдгээр нь хийе гэсэн. Удирдах зөвлөл асуудлыг намын бүлэг рүү шилжүүлсэн байгаа.
-Сонгуулийн товыг энэ долоо хоногт зарлах ёстой. Яг хэзээ гэдгийг нь Удирдах зөвлөлөөр ярив уу?

-Хуулиараа энэ долоо хоногт зарлах ёстой. Ирэх пүрэв, баасан гаригийн аль нэгэнд нь зарлах байх. Ер нь пүрэв гаригийн нэгдсэн чуулганаар зарлах болов уу.
-МАН-ын Бага хурал ойрын үед болно гэсэн. Тов нь гарсан уу?
-Тавдугаар сарын 1-нд болно. Энэ удаагийн Сонгуулийн тухай хуульд “сонгууль товлон зарласнаас хойш” гэж хугацаа зааж өгөөд СЕХ-нд улс төрийн нам, эвслүүд сонгуульд оролцох эрхээ нээлгэх ёстой. Сонгуульд оролцож байгаа субьектууд дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөрөө хамт өгөх ёстой юм.
Тэгэхдээ сонгуулийн мөрийн хөтөлбөр нь аудитоор баталгаажсан байна. Яг энэ горимын дагуу МАН тавдугаар сарын 1-ний өдөр Бага хурлаа хийж 2012 оны УИХ-ын сонгуульд МАН-ын намаас дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө хэлэлцэнэ. Энэ өдөр мөн дашнямтай өдөр таарч байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ