Албан хаагчдын тоог нэмэгдүүлэхэд хамтран ажиллана

img

ОХУ-ын Рязань хотноо “Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай”  Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Монгол, Оросын хамтарсан комиссын ээлжит XII хуралдаанд ОБЕГ-ын дэд дарга Д.Намсрай тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ. Уг хуралдаанд Оросын талаас ОХУ-ын ОБЯ-ны Цэргийн хэргийн ерөнхий шинжээч хурандаа генерал П.В.Плат тэргүүтэй ОХУ-ын ОБЯ-ны төлөөлөгчид, ОХУ-ын ОБЯ-ны Рязань муж дахь ерөнхий газрын дарга хошууч генерал О.М.Никифоров нар оролцсон байна. Монголын тал хамтарсан комиссын хуралдаанаар хил залгаа аймаг, Онцгой байдлын газар, хэлтсийн хоорондын харилцан ажиллагааг сайжруулах, ОХУ-ын Байгалийн эрэн хайх, аврах отрядын Аврагч бэлтгэх төвийн сургалтад Монгол Улсын Онцгой байдлын албаны аврагчдыг үргэлжлүүлэн сургах талаар ярилцжээ. ОХУ-ын ОБЯ-ны Иргэний хамгаалалтын академид суралцах албан хаагчдын тоог нэмэгдүүлэх, ОХУ-ын ОБЯ-ны сургалтын төвүүдэд Монгол Улсын Онцгой байдлын албаны шүхэрчин, эрэлч нохой сургагчдыг сургах асуудлыг хэлэлцэх, хуралдааны Протоколд тусгуулахаар санал болгосны дагуу Оросын тал дээрх асуудлуудаар байр сууриа илэрхийлж, цаашид хэрэгжүүлэх талаар анхаарч ажиллахаа мэдэгдсэн байна. ОБЕГ-ын төлөөлөгчид хамтарсан комиссын XII хуралдаанд оролцох үеэрээ ОХУ-ын Шуурхай удирдлагын үндэсний төв, ОХУ-ын ОБЯ-ны Рязань муж,  Москва хот дахь ерөнхий газруудын үйл ажиллагаатай танилцжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ