Э.Бадар-Ууганы хүч чадал харих болоогүй

img

“Олимпийн аварга хэмээх нэр алдрыг хүртлээ. Маш баяртай байна. Харин одоо энэ нэр хүндийг хамгаалах чухал үүрэг хүлээлээ. Лондоны олимпод энэ үүргээ биелүүлж, олимпийн аварга цолоо хамгаалахын төлөө хичээх болно” хэмээн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбатын Бадар-Ууган одоогоос дөрвөн жилийн өмнө Бээжингийн олимпоос аваргын алтан медаль өвөрлөн эх орондоо ирэх үедээ хэвлэлийнхэнд ярилцлага өгч байсан юм. Монголын боксын спортын түүүхэнд анхны олимпийн аварга хэмээн  бичигдсэн үндэсний шигшээ багын шилдэг тамирчин маань бэртлийн улмаас их спортоосоо хэсэг хугацаанд хөндийрөөд байгаа билээ. Лондоны олимп эхлэхэд зуу хүрэхгүй хоног үлдээд байгаа энэ үед түүнтэй уулзаж цөөн хором ярилцлаа.

-Юуны өмнө бүл нэмсэнд баяр хүргэе.

-За баярлалаа.

-Та Бээжингийн олимпоос хойш бэртлийн улмаас олон том тэмцээнд оролцсонгүй өнжлөө  шүү дээ. Мэдээж Монголын ард түмэн таныг хэзээ рингэндээ гарах болоо гэж хүлээж байгаа. Удахгүй болох Лондонгийн олимпод таныг оролцохгүй гэсэн яриа хэвлэлээр гарсан энэ талаар?

-Энэ удаагийн тэмцээнд оролцохгүй байх шийдвэрийг гаргахад залуу хүний хувьд надад маш их  хүнд байсан. Гэвч биеийн байдал маань энэ тэмцээнд өнжихөөс өөр аргагүйд хүргээд байна. Юм нэгээр дуусах биш гэж үг байдаг шүү дээ. Энэ удаад өнжлөө ч дараа дараагийн олон боломжууд хүлээж байгаа.  Хамгийн чухал нь эмчилгээгээ бүрэн дуусгаж, бэртлээ сайн эдгээх хэрэгтэй байна.

-Ямар бэртэл хэзээ авсан юм бэ? Дахиад хэр хугацаанд эмчлүүлэх шаардлагатай вэ?

-Анх 2006 онд авсан бэртэл явсаар байгаад хүндэрсэн.  Оношыг нь оройтож мэдсэн болохоор цаг хугацаа их алдсан  байсан.

-Цаашдаа ирэх дөрвөн жилд эмчилгээгээ сайн хийлгээд эргээд бэлтгэлдээ орох уу? Эсвэл бизнес ч юмуу ямар нэгэн салбарт хүчээ үзэх бодол байна уу? Магадгүй сонгуультай холбоотой аль нэг намаас таныг элсээч гэсэн хүсэлт ирсэн үү?

-Бизнес хийх асуудал дараа нь байж болох байх л даа. Миний хувьд хамгийн гол нь хурдан эдгэх л чухал байна. Намд элсээч энэ тэр гэсэн санал одоохондоо ирээгүй  байна.

-Удаан хүлээлттэй байсан уншигч, спорт сонирхогчиддоо хандаад юу хэлмээр байна?

-Монголын ард түмэн Лондонгийн олимпийг тэсэн ядан хүлээж байгаа. Магадгүй надад итгэл хүлээлгэж байсан хүмүүсээсээ уучлалт хүсье. Би тамирчин хүний хувьд энэ удаагийн олимпид орж чадахгүйдээ хэнээс ч илүү харамсалтай байгаа. Үнэндээ цээжинд бөөн хар юм тээглээд гэдэг шиг л. Гэхдээ тамирчин хүний дайсан бэртэл гэмтэл байдаг энэ бүхнийг давж туулаад эргээд рингэн дээрээ гарч амжилт гарганаа гэж хэлэх байна даа гэсэн юм.

Монголын боксын спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Ардын багш, гавьяат дасгалжуулагч  Д.Банди хэвлэлд өгсөн ярилцлагадаа: “ Бадар- Ууган бол ясны тамирчин хүн. Тэр хүүгийн хүч чадал харих болоогүй ээ. Биднийг удахгүй баярлуулна гэдэгт багш нь итгэдэг юм” гэсэн байдаг. Тиймээ төрийн дууллаа олимпийн тэнгэрт эгшиглүүлсэн гавьяатдаа удахгүй эдгэрээд олон олон олимпид төрийн далбаагаа өргөхийг уншигч олныхоо өмнөөс хүсье.

Б.Сайн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

odoo delhiid neg uzeed tegeed bno doo gemteltei huniig shahaad yahiin be olon tumeen
2012-04-24
одоо мэргэжлийн бокст хүч сорих хэрэгтэй
2012-04-24
Box gedeg sport nas dagadagiin. Ene hun hiidgee hiisen. Dahij avarga boloh bolomj ni 2012 oni olimp bailaa,
2012-04-24
би:
би ч мөн харих арай болоогүй байлгүй дээ гэж бодож байна Дэлхийн аварга болох хэрэгтэй
2012-04-24