
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотод “Хил орчмын бүсийн ой хээрийн түймэртэй тэмцэх тухай хамтарсан комиссын анхдугаар уулзалт”-д энэ сарын 15-18-ны өдрүүдэд болсон байна.
“Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай” Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд болсон энэхүү уулзалтад ОБЕГ-ын дэд дарга Т.Бадрал тэргүүтэй төлөөлөгчид оролцоод иржээ.
Энэ удаагийн уулзалтаар хоёр улсын хил орчмын бүс нутагт сүүлийн жилүүдэд тохиолдсон ой хээрийн түймрийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл танилцуулгыг хийж, ой хээрийн түймэртэй тэмцэх үйл ажиллагаанд тулгамдаж байгаа хүндрэл бэрхшээлүүдийг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Түүнчлэн “Хил орчмын бүсийн ой хээрийн түймэртэй тэмцэх тухай хамтарсан комиссын анхдугаар уулзалт”-ын протоколын төслийг дэлгэрэнгүй авч хэлэлцэж, хоёр улсын үндэсний болон аймаг орон нутгийн түвшний онцгой байдлын байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр санал дэвшүүлжээ.
Манай улс БНХАУ-тай нийт 4676 километр газар нутгаар хил залгадаг бөгөөд Дорнод, Сүхбаатар аймгууд нь ӨМӨЗО-ны Шилийн гол, Хянган зэрэг аймгуудтай 1100 километр газар хил залгадаг нь хил дамнасан ой хээрийн түймэрт өртөх эрсдэл, ой хээрийн түймрээс хамтран сэргийлэх зайлшгүй шаардлагыг бий болсон. Тиймээс Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтэс нь 2005, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтэс нь 2010 оноос эхлэн тус бүр ӨМӨЗО-ны хил залгаа аймгуудын ой хээрийн түймэр хариуцсан байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ