
“Дундговь-газар шороо” хөдөлгөөнийхөн маргааш эрх бүхий хүмүүст албан шаардлага хүргүүлэхээр Дундговийг зорих гэж байгаа талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.
Тэд "Дундговь аймгийн газар нутаг лицензээр бусдын гарт орж, улмаар лицензтэй компаниуд нөхөн сэргээлт хийлгүй, газар нутгийн ихэнхи хувийг сүйтгээд байгаа юм. Албан ёсны тоогоор бол Дундговь аймгийн нийт газар нутгийн 16 хувьд лиценз олгогдсон гэдэг. Гэтэл бодит байдал дээрээ үүнээс хэд дахин их болох нь тодорхой байгаа. Зөвхөн Баянжаргалан суманд л гэхэд газар нутгийнх нь 85 хувь нь лиценз уул уурхайн балгаар сэндийчлэгдэн ухагдсан байна. Мөн Өлзийт суманд арван жилийн турш нөхөн сэргээлт хийлгүйгээр Ураны хайгуул хийж байна. Цагаандэлгэр сумын ундны усны нөөц болох газарт Хараат уулын Цайр, Төмрийн орд руу татах усны хайгуул хийх зөвшөөрлийг тухайн үеийн аймгийн Засаг дарга Ш. Төрбат 2008 онд БНХАУ-ын “Шанжин орд” ХХК-д олгосон. Үүнийг нутгийн иргэд эсэргүүцэж зогсоохыг шаардсан ч үр дүнд хүрээгүй. Өнөөдөр Хятадын дээрх компани Цагаандэлгэр сумын ундны усны нөөц дээр 10 цооног бий болгож, хэзээ мөдгүй усыг соруулж эхлэхэд бэлэн болоод байгаа.
Говь-Угтаал сумын Хараат уулын Цайр, Төмрийн ордын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хууль бусаар хийлгэж, аймгийн Засаг дарга А. Чандмань, Говь-Угтаал сумын Засаг дарга н.Нямсүрэн нар Дундговь аймагт оршин суудаггүй хүмүүсийн нэрээр, материалыг хуурамчаар бүрдүүлж ашиглалтын лиценз олгосон.
Энэ мэтээр жишээ дурьдвал, сум бүрт, тэр дотроо уул ус болгонд минь сүйрлийн аюул нүүрлээд байна. Тиймээс энэ бүхнийг таслан зогсоох шаардлагыг аймгийн Засаг дарга болон ИТХ-ын даргад хүргүүлэхээр боллоо" хэмээн тус хөдөлгөөнийхөн мэдээлсэн.
Энэ дагуу тодорхой арга хэмжээ авахгүй бол тэмцлийн бүх аргаар эх нутаг, газар шорооныхоо төлөө тэмцэх болно.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ