
УДЭТ-ын энэ оны шинэ уран бүтээл үзэгчдийн хүртээл болоход бэлэн болоод байна. Тус театрын хамт олон Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулан алдарт “Гэнжийн туульс” романаас сэдэвлэсэн “Эсрэг дурлал” хэмээх драмын жүжгийг тайзнаа тавихад бэлэн болжээ. Уг жүжгийн зохиолыг сэтгүүлч, зохиолч Б.Галаарид бичиж, найруулагчаар нь тус театрын найруулагч МУУГЗ Ч.Найдандорж ажилласан байна. Тус жүжиг энэ сарын 27- 29-ны өдрүүдэд гарах УДЭТ-т тоглогдох аж. Тус жүжигт драмын театрын шилдгүүд болох МУГЖ Б.Жаргалсайхан, Г.Урнаа, Ж.Оюундарь болон залуу үеийн чадварлаг уран бүтээлчид тоглох юм байна. Харин Гэрэлт ханхүү Гэнжийн дүрд тус театрын залуу жүжигчин А.Баасанжаргал, Б.Тамир нар тоглох аж. Тус жүжиг нь хүн төрөлхтний мөнхийн сэдэв болсон хайрын сэдэвтэй ажээ. Энэ жүжгээ зохиолч Б.Галаарид дэлхийн анхны роман хэмээн тооцогддог “Гэнжийн туульс” романаас сэдэвлэн бүтээжээ. “Гэнжийн туульс” буюу “Гэнжи моногатари” хэмээх 50 гаруй дэвтэр хөлгөн туульсыг 1008 оны үед Японы зохиолч эмэгтэй Мурасаки Шикүбү зохиосон нь өдгөө Японы соёлын үнэт өв гэгддэг аж. Дэлхийн 30 гаруй оронд орчуулагдсан тус романы тэргүүн дэвтрийг орчуулагч О.Жаргалсайхан 2009 онд Монгол хэл дээр хэвлүүлсэн бөгөөд одоо ч үргэлжлүүлэн хөрвүүлсээр байгаа гэнэ.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ