Дарханы төрийн албан хаагчид номын дуу сонсов

img

“Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал” сэдэвт сургалт-семинарыг  Дархан-Уул аймагт  зохион байгууллаа. Сургалт семинарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанаас хамтран явуулсан юм.

Сургалт-семинарт Үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах цаг үеийн шаардлага, ерөнхий агуулгын талаар болон “Эдийн засгийн аюулгүй байдал” сэдэвт илтгэлийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны Мэдээлэл, дүн шинжилгээний албаны дарга Ц.Даваадорж, “Хүрээлэн буй орчны аюулгүй байдал”, “ Хүний аюулгүй байдал” сэдвээр тус зөвлөлийн референт Т.Булган, “Орчин үеийн төрийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдал”, “Дотоод аюулгүй байдал” сэдвээр тус зөвлөлийн ахлах референт Д.Энхбат нар илтгэл тавьсан юм.

Илтгэлүүдтэй холбогдуулан сургалт-семинарт оролцогчид уг асуудлаар санал бодлоо илэрхийлж, чөлөөт хэлэлцүүлэг явууллаа.

Дархан-Уул аймгаас өмнө нийслэлд Төрийн ордонд өнгөрөгч сард Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын чиглэлээр мөн дөрвөн өдрийн сургалт-семинар  зохион байгуулагдаж, төрийн албан хаагчид оролцон, номын дуу сонссон юм.

Н.Цэндээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ