
УИХ дахь намын бүлгүүд Орон нутгийн сонгуулийн хуулиар нэгдсэн байр суурьт хүрлээ. УИХ дахь МАН-ын бүлгээс өчигдөр УИХ, нийслэлийн ИТХ-ын хурлыг хамтатган явуулах саналыг АН-ын бүлэгт илгээсэн. Уг саналыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг дэмжлээ. Ингэснээр УИХ, нийслэлийн ИТХ-ын сонгуль ирэх зургадугаар сард, бусад шатны сонгуулийг ирэх аравдугаар сард явуулахаар тогтож байгаа ажээ.
2007 оны төгсгөлд УИХ дахь олонхийн бүлгээс хоёр сонгуулийг хамтад нь явуулах хууль боловсруулж, баталсан бөгөөд уг хуулийг хэрэгжүүлэхийн төлөө АН-ын бүлэг ажиллаж байсан юм.
Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Бид удаа дараа санал тавьж, буулт хийж ирсэн. Үүний дагуу УИХ-ын сонгуультай хамт аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг явуулах саналаа МАН-ын бүлэгт хүргүүлсэн. Үүнийг МАН-ын бүлэг хэлэлцээд нийслэлийн ИТХ-ын сонгуулийг хамтад нь явуулахыг зөвшөөрсөн. АН-ын бүлэг мөн хэлэлцсэний эцэст МАН-ын бүлгийн саналыг үндсэнд нь хүлээн авч байна” гэсэн юм.
Гэхдээ Ардчилсан намаас нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ын сонгуулийн шинэ хуулийн үндсэн зарчмуудтай нийцүүлэх ёстой гэж үзэж байгаа аж. УИХ-ын тогтолцоо нь 3/2 мажоритор, 3/1 нь пропорциональ тогтолцооны үндсэн дээр бий болохоор болсон. Тэгэхээр нийслэлийн ИТХ-ын 45 суудлын 15 нь пропорциональ, 30 суудал нь мажоритараар гарч ирэх ёстой.
Нөгөөтэйгүүр сонгууль зохион байгуулах процесс нь УИХ-ын сонгуультай нэгэн ижил хэлбэрээр явах ёстой гэдэг байр суурийг АН-аас гаргаж байгаа юм байна. УИХ-д МАН болон АН гэсэн хоёр бүлэг байгаа бөгөөд аливаа маргаантай асуудалд аль нэгэн намын бүлэг нь хугацаагүй завсарлага авах нь бий. Иймд намын бүлгүүдийг хугацаатай завсар авдаг болгох талаар яригдах болсон.
Өнгөрөгч долоо хоногт МАН-ын бүлгээс завсарлага авах хугацааны асуудлыг хөндсөн бөгөөд дээрх саналыг УИХ дахь АН-ын бүлэг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Ер нь парламентын тогтолцоогоор олонхи нь цөөнхийнхөө үгийг сонссоны үндсэн дээр шийдвэр гаргаад, хариуцлагаа хүлээгээд явдаг зарчимтай юм.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ