Монголын хөгжмийн урлагийн нэг төлөөлөл болсон хөгжмийн эмэгтэй зохиолчдын нэг СТА М.Туяатай удахгүй болох “Миний улаан сарнай” бие даасан хоёр дахь тоглолтын бэлтгэл гээд завгүй явахад нь цөөн хором ярилцсан юм.
-Юуны өмнө уншигчиддаа өөрийгөө танилцуулахгүй юу?
-Багшийн их сургуулийн хөгжмийн ангийг 1989 онд төгссөн. Энэ жил сургуулийн маань 50-н жилийн ой тохиолоо. Эргээд бодоход ямар мундаг чадалтай боловсон хүчин төгсгөж гаргасан юм бэ? гэж бодож сууна. Манай сургуулийг төгсөгчид дандаа лидер хөгжмийн зохиолчид төрөн гарсан байна шүү дээ. Тэдний нэг өчүүхэн хэлтэрхий нь би юм уу даа. Сургуулиа төгссөнөөсөө хойш л уран бүтээлээ хийж эхэлсэн. Өнөөдөр энэ сургуулиас олж авсан мэдлэгээрээ л өдий зэрэгтэй сайн сайхан явж байна даа.
-Таны уран бүтээлийг сонсож байхад ихэвчлэн хайрын сэдэвтэй дуунууд зонхилдог. Сэдвийн хувьд шинэчлэл хийх бодол байгаа юу. Сайхан хайртай учирч байсан уу?
-Сэдвийн хувьд бол харьцангуй өргөн шүү дээ. Хөгширсөн ч гэсэн ч би хайрын дуу хийж болно биз дээ. Би эмгэн боллоо гээд хайрын сэдэв барьж авч болохгүй гэж үү. Хайр гэдэг чинь өөрөө мөнхийн сэдэв. Хүн хөгширсөн ч гэсэн хайраар тэжээгдэж байдаг. 40-н нас хүрлээ гээд ээж аавдаа охиндоо хүүдээ гэж дуу хийхгүй. Сайхан шүлэг ирвэл би аялгуу хийж л байна.
-Гэр бүлийнхнийгээ танилцуулаач?
- \инээв\ Одоо хүртэл гэрлээгүй анхны хайртайгаа учраагүй л явна. Тэгсэн хирнээ хайрын сэдэвтэй дуу шүлэг маш их хийдэг гээд л шар сонины сэтгүүлчид миний тухай онигоо гаргасан байдаг. Тэгэхээр сайн уран бүтээл хийхэд ар тал нь маш сайн байх хэрэгтэй.Миний арын албыг дааж явдаг ээж аав, эгч нар, найз нөхөд минь байна. Энэ бүх хүмүүстэй хамгийн их баярлаж явдаг шүү.
-Уран бүтээлчдийн хувьд өөрсдийн бүтээлээ үнэлүүлэх боломжтой юу. Хөгжмийн зохиолчдыг бүтээлийг харж ханддаг ямар байгууллага байдаг юм болов уу?
-Ийм нийгэмлэг байдаг. Энэ л газар бидний оюуны бүтээлийг үнэлж, харъяалалдаа авч нэг ёсондоо хамгаалж байгаа хэрэг. Нэг үеэ бодоход нийгмээ дагаад үнэлэмж нь хүртэл өөр болж байна. Энэ нийгэмлэгийн гишүүн болсон л бол гарч байгаа бүх уран бүтээл нь оюуны өмчөөр хамгаалагдах юм.
-
Манай улсад эмэгтэй хөгжмийн зохиолч их цөөн байдаг. Эдгээр хөгжмийн зоиолчдийн нэг нь та шүү дээ?
-Эмэгтэй хөгжмийн зохиолчид гэвэл Д.Цэцэрлэг багш, Ч.Мөнхжаргал, М.Булган, Т.Насанбуян гэх мэт чадварлаг хөгжмийн эмэгтэй зохиолчид байна. Бүгд л Багшийн их сургуулиас төрсөн байдаг. Багшийн их суруулиас төрсөн хөгжмийн зохиолчид мэргэжлээ өндөрт өргөж яваад би хувьдаа их баяртай байна. Миний хувьд ч мөн адил энэ сургуулийг төгссөндөө бахархаж явдаг.
-Дуу гэдэг өөрөө хамтын бүтээл. Гэхдээ ихэвчлэн дуучин нь олонд танигдчихаад арын албаныхан нь олонд танигдаж чаддаггүй. Энэ юутай холбоотой байдаг юм бол?
-Хувь хүнээс буюу дуучнаас шалтгаалдаг. Дуучин хүн гэдэг өөрөө энэхүү бүтээлийг төрөхөд бас чухал үүрэг гүйцэтгэдэг хүн шүү дээ. Хөгжмийн зохиолч, яруу найрагчийг дурсаж л байх ёстой болов уу. Зарим нэг дуучид байнга л тэр хүмүүсээ алдаршуулж байдаг. Ер нь хувь хүнээс л шалтгаалах зүйл л дээ. Зарим нэг нь ганц нэг дуу дуулчихаад л өөрийгөө “од” хэмээн өргөмжилж байгаа харагддаг л юм. Тэрнээс биш ард ажилладаг хүмүүс биднийг нэг хэлээд өгөөрэй гэж гуйж явдаггүй. Тэгэх ч албагүй. Нийтийн дуу, поп, эстрад гээд хүмүүс ихэвчлэн ярьж байна. Иймэрхүү ялгаа хөгжмийн түүхэнд байдаггүй юм. Өнөөдөр энэ нийтийн дуучин, тэр поп дуучин гэж ярьж байна. Адилхан л зохиогдож байгаа дуу шүү дээ. Дуу нь дуучин, хөгжмийн зохиолч, яруу найрагч гурвын хамтын бүтээл. Тэгэхээр дор бүрнээ ард түмэндээ танигдах нь зүйн хэрэг л дээ. Тийм ч учраас би уран бүтээлийн тоглолтоо хийж байгаа юм.
-
Урын сандаа нийт хичнээн дуутай вэ?
-Тоолж үзээгүй ш дээ. Хийж л байдаг уран бүтээлээ хийгээд л явж байна. Тоотой уран бүтээл гэж байдаггүй. Хүн сөхрөөд л уначихгүй л бол хийх ёстой зүйлээ хийгээд л явна. Тоогоор хэмжигдэхгүй.
-
Дууны ая хийхэд шүлэг нь их нөлөөлдөг байх?
-Энэ бол их чухал. Сайн шүлэг байж, сайн аялгуу төрдөг. Сайн шүлгэн дээр муу аялгуу зохиогддоггүй. Дуу бүтнэ гэдэг маань сайн шүлэг, сайн ая. Сайн дуучин, сайн аранжровкууд нэгдэж байж, ард түмэнд хүрдэг гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Тэрнээс биш ганцхан дуучны өмч биш шүү дээ. Зарим нэг хүмүүсийг харахад ая зохиочихоод шүлэг хайгаад л яваад байдаг. Би иймэрхүү хүмүүсийг ойлгодоггүй. Эхлээд шүлэг харж байж, аялгуу орж ирдэг. Шүлгээ харж байж, ямар дуучинд тохирох вэ гэдгийг ч мэдчихдэг. Шинэ гарч ирж байгаа залуучуудыг би их дэмждэг. Тэднээс мөнгө аваад байж чаддаггүй. Өгснийг нь л авна.
-Хэдэн жилийн өмнө та дуучин Ч.Бат-Эрдэнэ, Э.Оюумаа хоёроос дуунуудаа татаж авч, дахиж дуулахгүй байхыг анхааруулж байсныг санаж байна?
-Залуу ч байж, омголон ч байж. Оюумаа ч бардам, би ч бардам байж дээ. Өчүүхэн зүйл дээрээс болж онцгүй юм болж байсан. Хүн тэгэхдээ юм мартаж, уучилж чаддаг байх хэрэгтэй юм билээ. Бид хоёр сүүлд нэг студи дээр таараад бие биенээсээ уучлалт гуйгаад л эвлэрсэн. Хүн түргэн зангаасаа болж алдахаас биш хожно гэж байхгүй, алдаагаа дахиж давтах юм бол тэр хүн биет хүн биш болно гэсэн үг. Оюумаа миний тоглолт дээр ирж дуулна.
-Найман жилийн өмнө Монгол Бөхийн өргөөнд тоглолтоо хийж байсан. Энэ удаагийн тоглолтын тань онцлог?
-Энэ удаагийн тоглолт “Миний улаан сарнай” нэртэй. “Миний улаан сарнай” нэртэй дуу маань ч олонд танигдаж чадсан. Энэ дуу миний гал халуун хайрандаа шатаж байх үедээ хийсэн бүтээл минь байгаа юм. Маш сайхан тоглолт байх болно гэдэгт маш их итгэлтэй байна. Анх Монгол Бөхийн өргөөнд “Миний Хайр Хань” тоглолтоо толиулж байснаас хойш найман жил өнгөрсөн байна. Үзэгчид ч намайг их санасан бололтой, тоглолтоо хэзээ хийх вэ гэж их утасдсан. Тиймдээ ч миний уран бүтээл хүний сэтгэлд хүрдэг юм байна гэдгийг мэдэрсэн. Мөн монголдоо хуруу дарам цөөн эмэгтэй хөгжмийн зохиолчдын нэг гэдэг утгаараа уран бүтээлээ үзэгчиддээ толиулахаас гадна өөрийгөө олонд таниулах юм даа. Одоо нийгэм өөрөө их стрестэй байгаа. Энэ үед миний тоглолтоос их энергийг л аваад гарна даа. Яагаад гэвэл би Бясалгалын их хатан хаан Сарандаваа багшийн шавь. Багш маань өчүүхэн намайг шавиа гэж тоодогт нь бас баярлаж явдаг.
-Хичнээн уран бүтээлч оролцох вэ?
-20 гаруй дуучид оролцох төлөвлөгөө байгаа. Зарим дуучдыг нь ор тас мартсан байна өөрсдөө утасдаад би чиний ийм ийм дууг дуулсан мартчихаа юу гэж өөрсдөө сануулж байна. Ямар ч байсан их сайхан тоглолт болно, миний зүрх сэтгэлээс гарсан хайрын аялгууг мэдэрнэ гэдгийг л хэлмээр байна.
-Таны найз нөхөд их шулуун хүн хэлэх гэсэн зүйлээ хэлчихдэг гэдэг?
-Ер бол хүн хичнээн өндөрлөгт гарлаа гээд хэн байснаа мартах хэрэггүй л байхгүй. Би мундаг хөгжмийн зохиолч гээд урьд ямар байснаа мартаж болохгүй. Нэг л зангаараа байх хэрэгтэй. Миний хувьд хэнтэй ч хамаагүй харьцчихдаг. Хүнийг дугаарлаж үздэггүй. Болохгүй байгаа зүйлийг нь шууд хэлчихдэг болохоор зарим нэг хүмүүс гомддог л байх.
-Ая зохиогч, хөгжмийн зохиолч хоёр ялгаатай юу?
-Миний бодлоор ая зохиогч хүн гэдэг их авьяастай, мэргэжлийн хүн биш мөртлөө бүхэл бүтэн аялгуу зохиогоод тэр дуу нь олонд танигдаж чадаж байна. Буруутгах ямар ч арга байхгүй. Харин ч мэргэжлийг нь эзэмшсэн хүмүүсээс мундаг байна. Тэднээс илүү гарч байж л эзэмшсэн мэргэжил чадвараа харуулах хэрэгтэй. Мэргэжлийн хөгжмийн зохиолчдын хувьд бол алдаа дутагдалтай талууд бий. Ганц дууны ая хийгээд л яваад байдаг үүнээсээ илүү гарах хэрэгтэй. Симфони найрал хөгжим болон дан хөгжмөөр оролдохгүй байна. Мэргэжлийн хөгжимчид эзэмшсэн мэргэжлээ иймэрхүү зүйл дээр л хэрэглэх хэрэгтэй. Гэтэл ганцхан дуутай ноцолдоод байгаа нь учир дутагдалтай. Ая зохиогчдын хувьд бол мундаг л байна гэж боддог. Харин мэргэжлийн хөгжмийн зохиолчид симфони зохиомоор байна. Би өөртэй ч гэсэн шүүмжлэлтэй хандаж байгаа. Цаашдаа дан хөгжмийн уран бүтээл, төгөлдөр хууртай сонат зохиох бодолтой байна. Аль аль нь сэтгэлийн их онгодоор уран бүтээл хийдгээрээ адилхан. Гэхдээ мэргэжлийн хөгжмийн зохиолч гэдэг арай өөр л дөө. Зөвхөн дуу зохиогоод зогсохгүй хөгжмийн томоохон бүтээл бичиж чаддаг, Хөгжмийн сургуулиас эзэмших ёстой боловсролыг авьяастайгаа хослуулж чаддаг хүмүүс байдаг. Харин ая зохиогчид бол тодорхой өөрийн сэтгэлийн хөг аялгуугаар дуугаа хийдэг. Зарим нь дуугаа нотолж чадахгүй хүмүүс байдаг. Гэхдээ яахав сэтгэлийн нандин аялгуу зөвхөн хөгжмийн зохиолчоос гарахгүй, хэнээс ч хамаагүй гоё аялгуу төрж болно. Энэ хоёр асар их ялгаатай зүйл юм.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ