“Нутгаа дуурсгана” сүүлийн барилдаан бямба гарагт болно

img

Нутгаа дуурсгана барилдаан эхлээд 4 тойргийн барилдаан болоод байна. Хэсгийн барилдаан таван тойрог үргэлжлэх бол сүүлийн барилдаан ирэх 28-ны бямба гарагт 15 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.  Сүүлийн өдрийн барилдаанаар шигшээ барилдаанд ямар ямар дэвжээ шалгарч нутгаа дуурсгах нь тодорхой болох юм.                                                     Тэргүүн дэвжээд аль нь өрсөлдөх бол? Одоогийн байдлаар "А" хэсгийг нэг ч ялагдалгүй яваа Увс нуур 12 оноогоор тэргүүлж яваа бол бар жилийн тэргүүн дэвжээ Хантайшир Увснуурт ялагдсанаар 9 оноотой, Түшээт ханы аварга Хантайширт ялагдсанаар мөн 9 оноотой  удаалж байна.  Тэгэхээр энэ гурван дэвжээ эхний гурваар шалгарч гарах нь тодорхой, харин хэн нь нэг, хоёроор, хэн нь гурваар гарах нь 28-ний өдрийн барилдаанаар шийдвэрлэгдэнэ. V тойрог “А” хэсэг 1.Түшээт ханы аварга 9 оноо –Увс нуур 12 оноо 2.Ажнай 3 оноо –Хан-Хэнтий аварга 3 оноо 3.Бес богда бүргэд 0 оноо –Хантайшир  9 оноо    - ийм хуваарьтай байгаа тул Түшээт ханы аварга Увснуурыг, Хантайшир Бес богда бүргэдийг ялвал тэргүүлж яваа гурван дэвжээ адил 12, 12 оноотой болж давааны тоогоор хэн нь урдаа орох нь шийдэгдэх болно. Харин Увс нуур ялвал Увснуур нэгээр, Хантайшир хоёроор, Түшээт ханы аварга гурваар гарах болно. Хэрхэхийг 28-ны өдөр л харцгаая.                           Ч.Санжаадамбын дэвжээ юу,  Ц.Содномдоржийн дэвжээ юу? "Б" хэсгийг Бөхбилэгт, Хөвсгөлийн хүчтэн дэвжээд нэг ч ялагдалгүй тус тус 12 оноогоор тэргүүлж явна. Тэд 28-ны өдөр хоорондоо барилдаж хэн нь нэгээр, хэн нь хоёроор гарч ирэх нь тодорхой болно. Хөвсгөлийн хүчтэн дэвжээ у.а Х.Мөнхбаатар, у.х Ц.Содномдорж, у.н А.Батмөнх, а.а Б.Ганхуяг, Г.Батням, а.з Н.Баттүвшин нарын шилдгүүдээрээ багаа бүрдүүлсэн байгаа бол Бөхбилэгтийнхэн у.з Д.Рагчаа, Ч.Санжаадамба, у.х Т.Мөнгөнцоож, а.х.а Р.Пүрэвдагва, а.а Л.Шинэбаатар, Н.Адъяабат нарын шилдгүүдээрээ мөн багаа бүрдүүлсэн хүчтэй өрсөлдөгчид. Энэ хэсэгт гурваар гарч ирэх баг нь  тодорхой бус байна. Одоогийн байдлаар Ховд гурваар гарч ирэх боломжтой байгаа боловч 28-нд Булганхангайд ялагдвал, Завхан Дорнод нутагийг ялвал ижил оноотой гурван дэвжээ бий болж байгаа юм. Тэднээс хэн хамгийн олон даваатай нь 6-9-р байрын төлөө өрсөлдөх эрхтэй болох юм. Энэ нь мөн 28-ны өдөр шийдэгдэнэ. 1. Завхан 3 оноо–Дорнод нутаг 0 оноо 2. Бөхбилэгт 12 оноо – Хөвсгөлийн хүчтэн 12 оноо 3. Ховд 6 оноо - Булганхангай 3 оноо   - ийм хуваарьтай байгаа.                                       "В" хэсгийн хувь заяа яаж шийдэгдэх бол? “В” хэсэг 1.Их монголын хүчтэн 9 оноо –өнжинө 2.Их богд 0 оноо – Дорно-Говь-Сүмбэр 0 оноо 3.Дүнжингарав 6 оноо  –Таван-Хан 9 оноо - ийм хуваарьтай байна. Энэ хэсгийг ганц ч ялагдалгүй Таванхан дэвжээ 9 оноогоор, Таванханд ялагдсан Их Монголын хүчтэн 9 оноогоор тус тус тэргүүлж, Их Монголын хүчтэнд ялагдсан Дүнжингарав 6 оноогоор удаалж байна.  28-ны өдөр Их Монголын хүчтэн өнжих бол, Таванхан Дүнжингарав хоёр барилдаж энэ хэсгийн хувь заяаг шийднэ гэсэн үг. Хэрэв Дүнжингарав ялвал 9 оноотой гурван дэвжээ болох бол Таванхан ялвал тэднийх нэгээр гарч ирэх нь тодорхой болно. Шилдгүүдэд өрсөлдөх багийнхан энэ бямба гарагт тодорно. “Нутгаа дуурсгана” барилдаан энэ бямба гарагт 15 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ