Гадаад харилцаа өргөжиж байна

img

Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоо(NEAR)-ны хэрэг эрхлэх газар, БНХАУ-ын Нинша Хуйн өөртөө засах Ороны хүндэт төлөөлөгчид Баянхонгор аймагт ажиллалаа NEAR-ийн Хэрэг Эрхлэх газар нь Солонгос улсын Консанбуг мужын Похан хотод байдаг бөгөөд тус холбооны Хэрэг эрхлэх газрын орлогч дарга Ким Жун Хагаар  ахлуулсан ажлын хэсэг энэ удаад холбооныхоо 9-р Бүгд хурлын урилгыг Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Амарсанаад гардуулаад эдийн засаг, технологийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус холбооноос бүтцийн хувьд чуулган буюу Бүгд хурлыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд үүнийг гишүүн орнуудаас ээлжлэн зохион байгуулдаг аж. “Хятад, Монгол, Япон, Өмнөд ба Хойд Солонгос, Оросоос бүрдсэн Зүүн Хойд Азийн Бүс нь өдгөө хязгааргүй нөөц бололцоотой хэмээн тооцогдох болж дэлхийн эдийн засгийн гурав дахь тэнхлэг болоод байна. Мөн Зүүн Хойд Азийн Бүс хамтдаа хөгжих боломж улам бүр нэмэгдэх боллоо. Түүх, газарзүйн ойр дөт байдал дээр тулгуурлан хөгжсөн соёл, дээд боловсрол, эдийн засаг, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг олон салбарын идэвхтэй харилцаа, хамтын ажиллагаа энэ бүх нөхцлийг бүрдүүлж байна” гэдгийг NEAR холбооны төлөөлөгчид онцолж байв. Энэ удаагийн Бүгд хурал БНХАУ-ын Нинша Хуйн Өөртөө Засах Оронд болох юм байна. Энэ үеэр орон нутгуудын дарга, захирагч нарын дээд хэмжээний уулзалт, Зүүн хойд Азийн цэцэрлэгжүүлэлт, тарималжуулалтын семинарыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр арга хэмжээг газар дээр нь сурталчлан таниулж, гишүүн байгууллагуудын Засаг дарга нарын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор албаны хүмүүс ийнхүү Монгол улсад ажиллаж байгаа аж. Ниншя Хуйн ӨЗОрон нь газар нутгийн хувьд 6640000 км квт / өмнөөс хойш 456 км, зүүнээс хойш 250км / хэмжээтэй бөгөөд 6 сая гаруй хүн ам оршин суудаг байна. Хятад улс дахь цорын ганц Хуй үндэстэн буюу Исламын шашин соёлтой гэдгээрээ онцлог.Тиймээс ч Хятадын бусад нутагтай харьцуулахад хувцас, хоол, ёс заншил зэргээрээ өвөрмөц төдийгүй дотооддоо байгалийн хий, нүүрс, гипс, газрын тос, зэрэг байгалийн нөөцөөрөө тавдугаарт ордог юм байна. Баянхонгор аймгийн зүгээс Газар зүй, байгалийн онцлогоор ижил төстэй тус оронтой Хамтын ажиллагаа тогтоох саналаа урьд нь хүргүүлээд байсан юм. Энэ удаагийн уулзалтын үеэр Баянхонгор аймаг, Ниншя Хуйн ӨЗОрон нь хамтын ажиллагаатай болох гэрээг баталгаажуулсан юм.  “ Байгалийн онцлогийн хувьд ижил төсөөтэй нутаг юм гэдгийг энд ирээд үнэхээр сайн мэдэрч байна. Цаашдаа хамтын ажиллагааны хүрээнд гэрээ байгуулсан нутгийн иргэдийн найрамдалт харилцааг дөт болгох, бие биенээ мэдэхэд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулах шаардлага бий болж байна. Үүний тулд соёлын болон аялал жуулчлалын хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлэх юм. Газар тариалан, уул уурхайн чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж нээлттэй байна”  гэж Ниншя Хуйн ӨЗОроны Гадаадтай харилцах, найрамдлын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Тан Зао Хуа онцлон хэллээ. Сонирхуулахад, Баянхонгор аймаг нь Бүгд найрамдах Солонгос улс, БНХАУ-ын Өвөрмонголын ӨЗО, ОХУ-ын Бурят улсын Кабанскийн район, Япон улсын Ойта мужтай уламжлалт хамтын ажиллагаатай билээ. 2011 онд Франц улстай,  энэ онд  БНХАУ-ын Ниншя Хуйн Өөртөө засах оронтой шинэ хамтын ажиллагаа тогтоосноор гадаад харилцаа эрчимтэй өргөжиж байна. Түүнчлэн Зүүн хойд Азийн бүс нутгийн улс орнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч 2 удаагийн зохион байгуулагдсан бүгд хуралд оролцжээ. Энэ үеэрээ аймгийнхаа талаар болон Шаргалжуутын рашаан сувиллын ирээдүйн хөгжлийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, бүс нутгийн дэмжлэг оролцоог нэмэгдүүлэх талаар санал оруулсан байна.      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Dechinlkhundev:
bodit medee ugch baigaad talarhag baidag. amgilt husch baina.
2012-04-26