“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн тойм хэвлэгдэн гарлаа
Өнөөдөр хэвлэгдэн гарсан Эмхэтгэлийн шинэ дугаарт, Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэллээ.
Мөн дугаарт ”Сургалтын төрийн сангийн дүрэм”, “Сургалтын төрийн сангийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн”, “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”, “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл олгох журам”, “Монгол Улсад эрэлт ихтэй мэргэжлийн жагсаалт”-ыг Журам батлах тухай Засгийн газрын тогтоолоор тус тус баталсан байна. Тогтоолоор их, дээд сургууль, коллежийн аттестатчиллыг 2013 оны 1 дүгээр сарын 1-ний дотор дуусгах, аттестатчилалд хамрагдаагүй дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид магадлан итгэмжлэлийн үр дүнгээр сурадцагчийн тэтгэлэг, зээл олгох арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад даалгасан байна.
Болзлын шаардлага хангаж, өндөр амжилт гаргасан зарим хүмүүст “Улсын сайн малчин”, ”Улсын тэргүүний фермер”, “Улсын тэргүүний малчдын бүлэг”, “Улсын тэргүүний тариаланч хамт олон”, “Улсын тэргүүний тариаланч” шагнал олгох тухай Засгийн газрын тогтоолыг нийтлэв.
Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг “Төлөвлөгөө батлах тухай“ тогтоолоор баталжээ. Гамшгаас хамгаалах менежментийн тогтолцоог бэхжүүлж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд төв, орон нутгийн төрийн болон мэргэжлийн байгууллага, хувийн хэвшэл, иргэдийн оролцоог хангах, байгалийн болон хүний хүчин зүйл, техникийн гаралтай гамшгийн төрөл тус бүрээр эрсдэлийн үнэлгээ хийж, гамшгийн эмзэг байдлыг бууруулах ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн чадавхийг бэхжүүлэх зэрэг стратегийн зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг уг Засгийн газрын тогтоолд тодорхой тусгасан байна.
Дүрэмд өөрчлөлт оруулах тухай тогтоолоор 2002 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор баталсан “Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн дүрэм”-нд зарим өөрчлөлт оруулжээ.
Хурдан морины бүсийн уралдааны 2012 оны хуваарийг тогтоох тухай тогтоол “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт нийтлэгдлэгдлээ.
Үүнээс гадна Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн үнэмлэх, тэмдэг, дүгнэлт, акт, албан шаардлага, торгуулийн хэвлэмэл хуудасны загварыг тус тус шинэчлэн баталсан Засгийн газрын тогтоолыг мөн нийтэллээ.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах, хүн амыг эрүүлжүүлэх талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор “Эрүүл хүүхэд“ аян зохион байгуулах тухай тогтоолыг баталжээ. Тогтоолд зааснаар Монгол Улсын 18 хүртэлх насны бүх хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүл мэндийн байдлыг үнэлэн эрүүлжүүлэх зорилгоор 2012 онд аяныг улсын хэмжээнд зохион байгуулахаар болж, аяныг нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, мэргэжил, арга зүйгээр хангах үүрэг бүхий Удирдах хорооны бүрэлдэхүүн болон аяныг зохион байгуулах удирдамжийг тус тус баталсан байна.
“ДЦС-5” төслийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг эмхэтгэлд нийтлэв. “Дулааны цахилгаан станц-5”-ын нүүрсний хангамжтай холбогдолтой асуудал болон станцаас үйлдвэрлэх дулаан, цахилгааны эрчим хүчийг хэрэглэгчдэд хүргэхэд шаардлагатай инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг тус станц ашиглалтад орох үед бэлэн байлгах зорилгоор зохион байгуулж хэрэгжүүлэх ажлыг уг тогтоолоор баталсан байна.
“Төрийн мэдээлэл“ эмхэтгэлийн редакци
СЭТГЭГДЭЛ БИЧИХ