
Өнөөдөр хуралдсан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар 2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэл хангасан байдал, өвөлжилт өнгөрүүлсэн дүн хэлэлцжээ. 2011-2012 оны халаалтын улирлын хугацаанд Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжид холбогдсон хэрэглэгчдийг тав тухтай өвөлжүүлэх үүднээс улсын төсвийн хөрөнгөөр зургаан магистраль шугамын өргөтгөлийн ажил, нийслэлийн төсвийн хөрөнгөөр Чингэлтэй дүүрэгт хонгилын систем барих зэргээр дулааны шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлийн ажил хийсэн байна.
Мөн “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, ОСНААУГ, СӨХ хамтран өмнөх жилүүдэд халаалтын гомдол санал их гардаг байсан орон сууцны дотор систем бөглөрөлттэй байрнуудын халаалтын системийг угаах, солих ажлыг гүйцэтгэж, нийтдээ 275 айлын халаалтын дотор системийг сольсон байна. Төвлөрсөн дулаан хангамжийн системд зуны засварын хугацаанд их засвар шинэчлэлтийн ажил, урсгал засварын ажлыг чанартай хэрэгжүүлсний үр дүнд халаалтын улирлыг ноцтой осол, горимын доголдолгүй өнгөрүүлжээ.
Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газраас Улаанбаатар хотын тусгай зөвшөөрөл эзэмшигч 11 компанийн 33 халаалтын зуухны үйл ажиллагаа, урсгал болон их засварын ажилд удаа дараа шалгалт хийж, хяналт тавин ажиллажээ.
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Цагаан даваа орчмын 40 гаруй халаалтын зуухыг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох ажлыг хийж, өнгөрсөн оны 11 сард ашиглалтанд оруулсан байна. Одоо Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн-1000 орчим болон Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Цагдаагийн академи, УС-15 халаалтын зуух орчмын хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажлыг эхлүүлэх юм.
Цахилгаан хангамжийн хувьд зуны засварын чиглэлээр 16, их засвар хөрөнгө оруулалтын чиглэлээр 24 ажлыг бүрэн хийсний үр дүнд өнгөрсөн өвөл цахилгаан түгээх сүлжээний хэмжээнд томоохон тасралт саатал, осол гаргаагүй байна
Сүүлийн жилүүдэд нийслэлийн хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр цахилгаан эрчим хүчний хэрэглээ ихэссэнтэй холбогдон зарим дэд станцуудын трансформаторууд хэт ачаалалд орж, хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хязгаарлахад хүргэж байсан. Тиймээс найдвартай ажиллагааг дээшлүүлж, түгээх чадлыг нэмэгдүүлэх үүднээс Баянзүрх, Баянгол, Сонгино, Өлзийт, Гачуурт, Яргайт, Баянхошуу гэсэн долоон дэд станцад чадал нэмэгдүүлэх зохицуулалт хийжээ. Мөн агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсэд хамрагдсан хэрэглэгчдийн цахилгааны ачаалал огцом нэмэгдэж, хэт ачаалагдсан зарим хэрэглэгчийн трансформаторуудын ачааллыг бууруулж ажилласан байна.
Хотын ус хангамж ариутгах татуургын хувьд өвлийн улиралд цэвэр бохир усны шугамын найдвартай ажиллагааг хангаж, цэвэр усны 350 км, бохир усны 146 км, гэр хорооллын цэвэр усны 173 км шугам сүлжээнд өдөр тутмын эргүүл шалгалтыг тогтмол хийж, гарч болзошгүй хүндрэлээс сэргийлж ажиллажээ. Өдөрт дунджаар ус зөөврийн 47 автомашин ажилд гарч, гэр хорооллын хэрэглэгчдэд үйлчилсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ