
Өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын 30 гаруй хувь болох 800.000 гаруй мянган хүн болон гадаадын улс орнуудад амьдарч буй олон мянган иргэд интернэтийн байнгын хэрэглэгч болсон байгаагийн дийлэнх хувь нь залуучууд байгаа юм. Түүний дотор Facebook, Twitter зэрэг олон нийтийн харилцааны сүлжээнүүдэд Монголын олон мянган залуучууд нэгдээд байгаа билээ.

Иймээс Ардчилсан Залуучуудын Холбооноос орчин үеийн дэлхий нийтийн техник, технологийн дэвшилтэт ололт болсон цахим ертөнцийг ашиглан хөгжлийн асуудлуудаар залуучуудтай санал бодлоо солилцох, тэдэнд ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Цахим ардчилал” онлайн хэлэлцүүлэгийг цувралаар зохион байгуулахаар болсон билээ.
Онлайн хэлэлцүүлэгийг Ардчилсан нам, Ардчилсан Залуучуудын Холбооны удирдлагууд оролцсон хэлэлцүүлэг, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийг оролцуулсан хэлэлцүүлэг, гадаадад амьдарч буй монголчуудыг оролцуулсан хэлэлцүүлэг зэрэг төрөл, хэлбэрүүдээр цувралаар зохион байгуулах бөгөөд өмнө нь болсон хэлэлцүүлэгүүдэд УИХ-ын гишүүн З.Энхболд, Д.Ганхуяг, Р.Амаржаргал, С.Эрдэнэ, Я.Батсуурь, АЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бямбадорж, Удирдлагын зөвлөлийн гишүүн З.Энхболд нар зочноор оролцож, давхардсан тоогоор нийт 14.000 гаруй залуучуудтай улс орны өмнө тулгамдаж буй асуудлуудын талаар болон залуучуудын хөгжлийн асуудлаар онлайнаар харилцан санал бодлоо хуваалцсан юм.

Харин өчигдөр болсон 4 дэхь удаагийн “Цахим ардчилал” онлайн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Д.Одхүү, Ардчилсан намын Нарийн бичгийн дарга Ц.Жадамбаа нар нар зочноор оролцож, залуучуудтай улс орны хөгжлийн асуудал, залуучуудын хөгжлийн асуудал зэрэг олон чухал асуудлаар харилцан санал бодлоо хуваалцлаа.

Энэ үеэр Монгол Улсын хөгжлийн гарц, залуучуудын талаар баримтлах төрийн бодлого, хариуцлагатай уур уурхай, төрийн ил тод байдал, улс төрийн намуудын үйл ажиллагаа, сонгуулийн хууль, 7 сарын 1-ний хэрэг явдал, үнийн өсөлт зэрэг олон асуудлыг хэлэлцүүлэгт оролцож буй залуучуудын зүгээс чөлөөтэй хөндөж байснаас гадна нийгэмд газар авсан шударга бус байдал, зарим улс төрийн нам, улс төрчдийн хариуцлагагүй үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байсан юм.

Тус онлайн хэлэлцүүлэгт Монгол Улсын өнцөг булан бүрээс болон гадаадын улс орнуудаас хамгийн хандсан үедээ 1400 гаруй, давхардсан тоогоор нийт 4500 орчим залуучууд оролцлоо.

Цаашид Ардчилсан Залуучуудын Холбооноос 7 хоног бүр зохион байгуулж буй “Цахим ардчилал” онлайн хэлэлцүүлэгт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд цувралаар оролцох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ