
Засгийн газраас ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тус бүр нэг сая төгрөг олгох шийдвэр гаргаад багагүй хугацаа өнгөрч буй. Нэг сая төгрөгийг олгохдоо энэ сараас эхлэн гурав хуваан олгох шийдвэр гарч, эхний 330 мянган төгрөгийг энэ сарын сүүлээр олгоно гэдгийг холбогдох албаныхан мэдэгдээд байсан юм. Гэвч энэ сараас олгогдож эхлэх нэг сая төгрөг хэзээнээс иргэдийн гар дээр очих нь өнөөдрийн байдлаар тодорхой болоогүй байна. Энэ талаар Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэд дарга Ж.Эрдэнэбаатараас тодрууллаа.
-Одоогоор хичнээн хүн энэхүү мөнгийг авахад бэлэн болсон байгаа вэ?
- Эхний ээлжинд нийт 205 мянга орчим ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 120 гаруй мянган хүн байгаа. ХХҮГ-аас хүмүүсийнхээ материалыг бүрдүүлээд хичнээн төгрөгийг иргэдийн гар дээр олгох тооцоог гаргаж, Сангийн яам руу шаардлагатай материал, нэрсийг явуулсан байгаа. Энэ мөнгө нийт гурван банк буюу Хадгаламж, ХААН, Капитрон банкаар тараагдах ёстой. Тэгэхээр ХХҮГ-аас шалтгаалаад байгаа зүйл байхгүй.
-Уг мөнгийг хэдээс хэдэн насны хүмүүс хүсэлт гаргаж авах боломжтой вэ?
-Засгийн газраас гарсан шийдвэрээр эмэгтэй 55 наснаас дээш, эрэгтэй 60 наснаас дээш ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд эх орны хувь хишиг болох нэг сая төгрөгөө авах боломжтой байгаа юм. Мөн энд нэг зүйл нэмж хэлэхэд 2012 онд талийгаач болсон иргэдэд энэхүү мөнгийг нөхөн олгох юм. Тэрнээс биш хүсэлт гаргаад хүн бүр хамрагдана хэмээн иргэд ташаа ойлгоод байх шиг байна. Тэгж ойлгох нь буруу.
ХХҮГ-ын дэд дарга Ж.Эрдэнэбаатар ийнхүү ярьсан бол тус мөнгийг олгох Хадгаламж банкнаас тодруулсан юм. Хадгаламж банкны зүгээс энэхүү нэг сая төгрөгийг өгөхөд зарцуулагдах санхүүжилт байхгүй, хэзээ мөнгө орж ирж тараагдах нь тодорхойгүй байна гэсэн юм . Ямартаа ч, энэ сараас эхлэн олгогдох байсан нэг сая төгрөгний эхний 330 мянган төгрөг хэзээ олгогдох нь тодорхойгүй байгаа тул энэ талаар Сангийн яамнаас тодруулан эргэн мэдээлэх болно.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ