
Хэнтий аймгийн музейн байгалийн танхимд 79.5 см өндөр, 45-52 см өргөн, 550 кг хүнд жинтэй нэгэн чулуу байдаг аж. Уг чулууг солир хэмээн таамаглаж байснаас бус шинжлэх ухааны үүднээс нарийвчлан судалж солир гэдгийг нь батлалгүй өдийг хүрсэн аж. Уг чулууг үнэхээр солир мөн эсэх талаар ул суурьтай судалгаа хийхээр аймгийн музейгээс 2010 онд химич, профессор Г.Гонгоржавт хандсан байна. Тэрээр ШУТИС-ийн экологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Б.Цэндээтэй хамтран солирын химийн найрлагыг судалжээ.
Судлаачид солирыг рентгенфлуоресценцийн спектрометрийн физик- хими болон химийн сонгомол аргаар хоёр удаа шинжлэн, уг солирын химийн найрлагын зонхилох хувийг цахиурын оксид (33,93 хувь), төмөр (25,11хувь), магнийн оксид (21,10 хувь), хоёр валенттай төмрийн оксид (8,68 хувь), хөнгөн цагааны оксид (2,04 хувь), кальцын оксид (1,68 хувь), никель (1,58 хувь), хүхэр (1,26 хувь) тус тус эзэлж байгааг, мөн найрлагын хувьд ОХУ-ын "Маркова", "Одесса", "Полуямки" зэрэг чулуун солируудын химийн найрлагатай дүйж байгааг тогтоон улмаар уг солир нь чулуун солир болохыг баталсан байна. Судалгааны дүнг нэгтгэн англи, монгол хэлээр эрдэм шинжилгээний өгүүлэл бэлтгэн Монгол улсын хэмжээнд олдоод байгаа чулуун солирын хамгийн том нь хэмээн дүгнэжээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ