
Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн багууд 2009 оноос эхлэн Афганистан улсад явагдаж буй НАТО-гийн тэргүүлсэн “Аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэх Олон улсын хүчин”-ий бүрэлдэхүүнд оролцон ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүргээ амжилттай гүйцэтгэж буй.
Афганистанд үүрэг гүйцэтгэх манай Цэргийн багийн ажиллагааны өмнөх сургалтыг явуулахад ХБНГУ-ын талаас дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байсан туршлагатай Уулын явган цэргийн 233 дугаар батальоны шилдэг сургагч багш нараа цэргийн техник, хэрэгслийн хамт Монголд илгээж, нэг сарын хугацаатай сургалт явуулсан аж.
Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд Цэргийн багийн ажиллагааны өмнөх бэлтгэл сургалтыг өндөр түвшинд явуулан, монгол офицер, ахлагч нарт цэргийн мэргэжлийн ур чадвараа эзэмшүүлсэн Германы цэргийн 20-иод албан хаагчдыг Монгол Улсын Батлан хамгаалах салбарын шагналаар шагнажээ. Шагнал гардуулах ёслол өчигдөр БХЯ-наа болж, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярын тушаалаар Монголын офицер, ахлагч нарт олгодог “Дайчин алдар” медаль, “Эх орны төлөө” хүндэт тэмдгээр шагнасан байна.
Германы дайчдад шагнал гардуулах ёслолд Батлан хамгаалахын дэд сайд С.Баасанхүү, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд П.Шаллер, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай нар оролцов. Дашрамд дуулгахад, Элчин сайд П.Шаллер өмнө нь дэлхийн халуун цэг Афганистанд үүрэг гүйцэтгэж байсан аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ