Байгаль орчны тандан судалгааны салбарын 40 жилийн ой тохиож байна
Байгаль орчны тандан судалгааны үйл ажиллагаа эхлээд 40 жил болж байна. 1970 оны 12-р сарын 5-нд Ус цаг уурын албаны удирдах газарт хиймэл дагуулаас мэдээ авах АРТ станыг анх байгуулсан юм. АНУ-ын ЭССА-8 хиймэл дагуулаас мэдээ хүлээн авч, байгалийн нэг объект болох үүлний байршил, төлөв байрлал, тархалт тодорхойлох тандан судалгааны ажил хийж, цаг агаарын прогнозод үүлний онцлогийн мэдээ ашиглах болсноор байгаль орчны тандан судалгааны ажил эхэлжээ.
Тэр үед Номхон далайгаас баруун тийшээ Каспийн тэнгис, Гималайн нуруунаас хойшоо Таймырийн хойг хүрэх өргөн уудам нутаг дээрх үүлний тархалт, хувьсал өөрчлөлтийн зураг мэдээг хиймэл дагуулаас хүлээн авч байв. Энэ үйл ажиллагаа улам өргөжин тэлж, өнгөрсөн 40 жилд сансрын хиймэл дагуулаас ургамлын төлөв байдал, цасны тархалт, ойн байдал, тариалан, ой хээрийн түймэр, шороон шуурга, ган, цөлжилт, унаган байгаль зэрэг байгаль орчны олон чиглэлээр тандан судалгааны ажил хийж, үр дүнг нь үйлдвэрлэл, практикийн ажилд ашиглах боллоо. Энэ хугацаанд байгаль орчны тандан судалгааны техник технологи улам нарийсан хөгжиж, мэдээлэл боловсруулах, ашиглах чиглэлээр үндэсний хүний нөөцийн чадавхи бий боллоо.
Тандан судалгааны зурган мэдээ, үр дүнг байгаль орчны мониторингийн өдөр тутмын ажилд хэрэглэхийн зэрэгцээ байгаль орчны мэдээллийн сан, газар зүйн мэдээллийн систем бий болгох, байгаль орчны менежмент хийхэд өргөн хэмжээтэй хэрэглэх боллоо. Тандан судалгааны үр дүнг зөвхөн БОАЖЯ-ны салбарын хүрээнд төдийгүй ХАА, усны аж ахуй, ойн аж ахуй, онцгой байдлын алба, сургалт боловсрол, эрдэм шинжилгээний олон салбарт хэрэглэж байна.
Байгаль орчны тандан судалгааны чиглэлээр 10 гаруй хүн эрдмийн зэрэг хамгаалж, МУИС, ШУТИС, ХААИС, Эко-Ази дээд сургууль зэрэг олон их дээд сургуульд тандан судалгаа, газар зүйн мэдээллийн системээр хичээл сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Иймд тус салбарт ажиллагсад хамт олноос "Байгаль орчны тандан судалгааны салбарын 40 жилийн ой"-г 12-р сарын 9-10-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд:
1. “Байгаль орчны тандан судалгаа-40 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2010.12.9, 9:00 цагт УЦОШГ-ын хурлын танхимд, 2. Баярын хурал, 3 үеийн уулзалт 2010.12.10, 14:00 цагт ЦОШГ-ын хурлын танхимд болно.
Н.Батаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ