
АНУ-ын ерөнхийлөгчид Бүгд Найрамдах Намаас нэр дэвшиж байгаа Митт Ромни дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байгаа. Тэгвэл тэрээр залуудаа Мормон сүмийн бишоп буюу санваартан байсан бөгөөд олон сүмийн гишүүд болон гэр бүлүүдэд тусладаг байжээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Обаматай өрсөлдөх нь бараг тодорхой болоод байгаа Бүгд Найрамдах намын нэр дэвшигч Митт Ромнигийн талаар хүмүүс нэлээн сонирхох болсон. Тэгвэл тэрээр Америкийн улс төрд орж ирэхээс өмнө хэн байсныг хамтдаа сонирхоцгооё.
Католик шашинтай байсан Санди Каталано нөхрийнхөө хамтаар Мормоны ном уншиж байна. Тэдний хувьд энэ шашны судар нь амьдралыг нь чиглүүлэгч болжээ. Санди 1970-аад оны сүүлчээр Католик шашнаас татгалзаж, Мормоны шашин шүтэх болж, сүмд нь явдаг болжээ. Харин түүний нөхөр энэ үйлдэлд нь дургүйцэж, эхнэрээ Мормоны шашинд орохыг нь эсэргүүцсэнээр тэд бараг салах дээрээ тулжээ. Санди нөхрөө хайрлах уу? Бурханыг хайрлах уу гэсэн хүндхэн сонголттой тулгарч тухайн үед Мормоны сүмийнх нь Бишоп буюу өндөр албан тушаалын хуварга байсан одоо АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшээд байгаа Митт Ромнид ханджээ. Тэр үе бол Рон Каталаногийн хувьд ажилгүй болоод байсан хүндхэн үе байжээ. Энэ үед Эрхэм Ромни тусламжийн гараа сунган тэдэнд ажил амьдралаа дээшлүүлэхэд нь их тус болжээ. Гэсэн ч одоо Ромни залуудаа Бостон хотын ойролцоох дүүрэгт сүмийн удирдагч байсан талаараа бага ярьдаг.
Магадгүй энэ нь улс төрийн нүүдэл байж болох юм. Ромни үндсэн ажлынхаа хажуугаар сайн дураарааа Мормоны сүм буюу албан ёсны нэрээр Исүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийнхээ үйл ажиллагааг удирдаж, санхүүг зохицуулж 7 хоногт 20 цаг ажилладаг байсан гэж журмын нөхөд нь ярьсан байна.
Ромни сүмд ажиллаж байхдаа маш олон гэр бүлд тусалж, нийгэмд байр сууриа олоход нь дэм болсон байх юм. Харин Ромни түүнийгээ ярьдаггүй нь хачирхалтай. Түүнтэй хамт сүмийн удирдлагад ажиллаж байсан Грант Беннетийн ярьж байгаагаар нэгдүгээрт Мормоны шашинтай хүмүүс угаасаа хүмүүжлээрээ даруухан байдаг, хүнд тусалснаараа гайхуулаад байдаггүй. Хоёрдугаарт Мормон шашинтай байна гэдэг нь улс төрийн карьерт нь сөргөөр нөлөөлж магадгүй юм байна. Учир нь уг шашин анх байгуулагдаж байхдаа полигами буюу нэг хүн олон эхнэр авч болдог уламжлалтай байсан. Харин одоо энэ уламжлал байхгүй болсон ч одоог болтол хүмүүс Мормончуудыг Полигами гэж ташаа ойлгодгоос болж байгаа юм байна. Гэхдээ Ромнид сэтгэл дундуур явдаг Мормон сүмийн гишүүд байдаг байна. Уг сүмийн гишүүн, сонины эрхлэгч асан Жүди Душкугийн ярьж байгаагаар Ромни хүний шүүмжлэлийг хүлээн авдаггүй өөрийнхөөрөө байдаг байсан.
Мөн түүний найз Хелен Клийрсийн ярьж байгаагаар хэдэн жилийн өмнө тэрээр цусны өвчтэй, жирэмсэн байхад нь бишоп байсан Ромни хүүхдээ авахуулахгүй байхыг ятгаж байсан байна. Учир нь уг эмэгтэйн өвчин хүүхдэд нь удамших магадлалтай байсан юм байна. Гэхдээ нөгөө талаар мормончууд аборт хийлгэхийг дэмждэггүй сургааль номлолтой байсан учир Ромни тэр эмэгтэйг аборт хийлгэхгүй байхыг ятгажээ. Мөн Хелен Клийрсийн ярьж байгаагаар Мормоны сүмийн гишүүдийн ихэнх нь эмэгтэйчүүд байдаг. Гэтэл удирдлагууд нь голдуу эрчүүд. Эрчүүд маш олон эмэгтэйд юу хийж болох үгүйг зааж, шийдвэр гаргадаг байсан нь учир дутагдалтай байсан байна.
Харин Католик шашинтай байгаад Мормоны шашинтай болсон Санди болон Рон Каталано нар амьдрал хүнд үед нь тусалж байсан Ромнид үргэлж сайн санаж явдаг бөгөөд Митт Ромниг удахгүй АНУ-ын ерөнхийлөгч болоорой гэж ерөөж байна.
Н.ЭДДИ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ