Нийгмийн даатгалынхан ойгоо тэмдэглэнэ

img

Нийгмийн даатгалын алба үүсч, хөгжсөн 70 жилийн ой энэ өдөр тохиож буй. Ойн хүрээнд Нийгмийн даатгалын салбарын үе үеийн алдартнууд, ажилтан албан хаагчдад зориулсан баярын хурал, хүндэтгэлийн тоглолт, уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр СТӨ-нд 14.00 цагаас эхэлнэ.   Одоогоос 70 жилийн тэртээ “БНМАУ-ын дотор дагаж шийтгүүлэх нийгмийг аюулаас хамгаалах тухай дүрэм”-ийг  баталснаар нийгмийн даатгалын харилцааны эрх зүйн зохицуулалтын анхны суурь нь тавигдаж, энэхүү анхны эрх зүйн зохицуулалтын дагуу Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн тэргүүлэгчдийн 1942 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 27 дугаар хурлаас нийгмийн даатгалын үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий “Нийгмийг аюулаас хамгаалах хэлтэс”-ийг байгуулан  дөрвөн хүний орон тоотойгоор анхны тулгын чулуугаа тулж, гал голомтоо бадрааж байсан түүхтэй аж.   Энэ үеэс тухайн үеийн нийгмийн  шаардлага, эрэлт, хэрэгцээ, улс төр, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, нөхцөл байдлаас шалтгаалан  хууль эрх зүйн орчин шинэчлэгдэн, нийгмийн даатгалын албаны  эрхлэх ажил, чиг үүрэг өөрчлөгдөн  өргөжин тэлж ирсэн байна. Анх дөрвөн хүнтэй байгуулагдаж байсан алба маань одоо 1400 гаруй  хүнтэй болж, засаг захиргааны бүх нэгжид өөрийн төлөөлөлтэй,  улс орон даяар үйл ажиллагаа явуулдаг томоохон байгууллага болоод байгаа юм.   Дашрамд дуулгахад, 1945 онд нийгэм хангамжийн зардал 3.9 сая төгрөг, 1960 онд 43.7 сая  төгрөг, 1980 онд 129.1 сая төгрөгт  хүрч бйажээ. Харин 1990 онд бүх төрлийн тэтгэвэрт 455,9 сая төгрөг, нийгмийн даатгалын асуудлыг төр хариуцаж эхэлсэн эхний жил  1991 онд тэтгэврийн зарлага  1,7 тэрбум төгрөг болж 1990 оныхоос бараг дөрөв дахин нэмэгджээ. Нийгмийн даатгалын шинэ тогтолцоо бий болсноос хойш буюу 1995 онд нийгмийн даатгалын сангийн орлого 30,6 тэрбум, зарлага 24,8 тэрбум төгрөг, 2000 онд орлого 80,0 тэрбум, зарлага 70,5 тэрбум төгрөг байсан бол 2011 онд  гэхэд л  орлогын хэмжээ  1995 оныхоос 18,5 дахин, сангийн зарлага  23,6 дахин өсч,  одоо нийгмийн даатгалын санд төвлөрүүлсэн нийт орлого нь дотоодын нийт бүтээгдэхүүний 7.0 хувь, нэгдсэн төсвийн орлогын 17.2 хувийг эзэлж байна. Нийгмийн даатгалын тогтолцооны эхний жил 1995 онд  14 мянган ажил олгогч даатгалд хамрагдаж байсан бол өнөөдөр энэ тоо 2 дахин нэмэгдэж, эдийн засгийн идэвхтэй хүн амын 65 хувь нь нийгмийн даатгалд хамрагдаад байгаа аж.   Сүүлийн 10 жилд Монгол Улсын нийт хүн амын 73.4-82.6 хувь нь иргэний  эрүүл мэндийн даатгалд хамрагдаж байсан бол энэ үзүүлэлт 2011 онд 98,6 хувьд хүрч нийгмийн даатгалын 70 жилийн түүхэнд  байгаагүй  амжилт,  ажлын  үр дүн гарсныг тэмдэглэхэд таатай байна. 1990 оноос  өмнө тэтгэврийн сангийн зардлыг цэвэр улсын төсөв хариуцаж байсан бол 1991-1994 онд уг сангийн зарлагын 50 гаруй  хувийг шимтгэлийн орлогоор санхүүжүүлэн  төсвийн ачааллыг харьцангуй хөнгөвчилж,  энэ үзүүлэлт 1995 онд 70 гаруй хувь ,2010 онд 67,8 хувь байсан бол 2011 онд тэтгэврийн даатгалын сангийн нийт зарлагын 77,7 хувийг шимтгэлийн орлогоороо санхүүжүүлсэн байна. Нийгмийн даатгалын сангуудын төлбөрийн чадвар сайжирч 2011 оны байдлаар нийт таван сангийн  зардлын эх үүсвэрийн 94.2 хувийг шимтгэлийн орлогоор санхүүжүүлжээ.   Сүүлийн хоёр жилийн дүнгээр 2010 онд нэг төгрөгийн зардлаар 42 төгрөгийн орлого цуглуулж байсан бол 2011 онд 50 төгрөгийн орлого оруулж чанарын ахиц гарсан байна. Мөн нийгмийн даатгалын сангийн тогтвортой байдлыг илэрхийлэх бас нэг үзүүлэлт бол   даатгуулагч,   тэтгэвэр авагчийн тооны зохистой харьцаа  байдаг. Дээрх үзүүлэлт  1995 онд 1,4  байсан бол  өнөөдрийн байдлаар    нэг даатгуулагчид 2,5 тэтгэвэр авагч ногдож, хэдийгээр  өмнөх жилүүдийнхээс   харьцангуй сайжирсан боловч  ирээдүйд хүн ам насжихын хирээр дундаж наслалт өсч, алсдаа тэтгэвэр авагчдын тоо нэмэгдэж,  даатгуулагчийн тоо буурах  үеийн үүсэх хэтийн  эрсдэлтэй байдал байгаа аж.  Тиймээс болзошгүй эрсдлийг урьдчилан харж, нийгмийн даатгалын сангийн орлогыг  нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байгаа гэнэ.   Орлого нэмэгдүүлэх нэг эх үүсвэр бол  нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл хөрөнгөөр Засгийн газрын бонд, Монгол банкны үнэт цаас  худалдан авах, тодорхой шалгуур, болзлыг хангасан арилжааны банкуудад байршуулах замаар  сангийн хөрөнгийг өсгөн аривжуулах арга аж. 2006-2011 онд  нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг бондын болон хадгаламжийн хүүгийн орлогоор 40-өөд тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн бөгөөд үүний  60 хувийг   зөвхөн сүүлийн хоёр жилд  төвлөрүүлжээ.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ